-Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол Үндсэн хуулийн заалтыг эргэж харах асуудал үүсэх үү?
-Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр Засгийн газрын хуулиар ийм хязгаарлалт хийж болно гэж үзэж байгаа. Ер нь Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон өөрчлөлт” гэгддэг хуулийн өөрчлөлтийг засч залруулж, хүчингүй болгох тал дээр УИХ ажиллаж байгаа. Ажлын хэсэг хүртэл байгуулсан. УИХ-ын дэд дарга Л.Цог ахлаад ажиллаж байна. Тэрийгээ хүчингүй болгож байж, Үндсэн хуулийн бусад өөрчлөлтийг хийвэл зүгээр юм гэсэн байр суурь УИХ-д байгаа.
-Түрүүчийн парламентийн үед УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар буюу Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь нь УИХ-ын гишүүн байж болох агуулгатай хуулийн төсөл санаачилж байсан?
-Ерөнхийлөгч өмнө нь санаачилж байсан. Энэ удаа тэр хуулиа татаж аваад, шинээр өргөн барьж байгаа. Энэ удаагийн хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн 1/3 нь Засгийн газрын гишүүн болно гэдгийг хүчингүй болгож, зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэсэн өөрчлөлт хийсэн байна. Олон улсын жишгээр Парламентын засаглалтай улсын Ерөнхий сайд нь парламентын гишүүн байдаг зарчмыг харгалзаж үзээд бусад сайд нь УИХ-аас ангид байх ёстой гэж үзсэн байгаа.