Куш, Оюука нар цомгийн баяраа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Куш, Оюука нар цомгийн баяраа хийлээ

Дуучин Куш, төгөлдөр хуурч Оюука нарын анхны бие даасан "Say It Now" ЕР цомгийн нээлтээ өнгөрсөн амралтын өдөр “iLoft Function House”-д хийсэн юм. Жазз урсгалаар уран бүтээл туурвиж буй цөөн хамтлаг, дуучдын төлөөлөл болсон тэдний шинэ цомогт өөрсдийнх нь зохиосон уран бүтээлүүд багтсанаараа онцлогтой. Тоглолтод тэдний анхны цомогт орсон дуу болон стандарт жазз бүтээлээс нь эгшиглэсэн юм. Тоглолтын дараа дуучин Куштай уулзлаа.

-Анхны цомог нэлээд хожуу мэндэллээ. Сэтгэгдэл ямар байна?

-Ерөнхийдөө бид цомгийнхоо сан бүрдүүлэлт дээр нэлээд удсан. Олон компанийн хаалга тогшсон. Хэдий удсан ч манай компаниуд жааз хөгжмийг дэмжсэнд маш их баяртай байна. “Сант-Асар”, “Mongolian Star Melchers” компаниуд дэмжсэн. Бид өмнө нь гурван ч тоглолт хийсэн. Түүнээс хойш жил гаруй том тоглолт хийлгүй, гадуур тоглож байсан учраас хүмүүс их асууж байсан л даа. Энэ тоглолт маань маш олон хүний хөлс, хүчээр бүтсэн гэдгийг би энд онцлон хэлмээр байна. Бидэнтэй хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа.

-Цомгийнхоо талаар сонирхуулахгүй юу? Хэдэн уран бүтээлийг багтаав?

-Анхны бүхэн сайхан. Алдаа, оноотой зүйл их байгаа байх. Бид хоёр их хичээсэн.  “Say it now” нэртэй анхны цомгийнхоо мистер, мастерыг БНСУ-д хийлгэж, Бээжинд хэвлүүллээ. Цомгийнхоо дугаралтыг бусад дэлхийн уран бүтээлүүдтэй харьцуулж, БНСУ-ын нэлээд сайн хөгжмийн студид гаргасан.

-“Say it now” цомгийн дууны сонголтыг хэрхэн хийв?

-Шинэ цомог маань дөрвөн дуутай. Нэг нь “Шинэ жилийн вальс” гээд Гончигсумлаа гуайн дуу байгаа. Хоёр жилийн өмнө жааз урсгалаар дуулсан байсан юм. Түүнийгээ зохиогчийн эрхийг нь албан ёсоор авч, цомогтоо оруулсан. Нөгөө гурван уран бүтээл маань Оюукагийн ая, үгийг нь Оюука бид хоёр хамтран бичсэн дуу байгаа. Мөн Мөнхбаатар гэж залуу үг бичсэн. Гурван дуугаа гурван өөр өнгө аястай хийе гэж бодсон. Мэдээж дууны үг ямар нэгэн түүх агуулсан байдаг. Дууны хувьд бидний амьдралд болсон түүхийг өгүүлсэн гэх үү дээ. Тиймээс бид дуугаа монгол жааз гэж хэлэхээсээ илүүтэй “Kush & Oyuka”-гийн хөгжим гэж хэлвэл зүгээр байх.

-Цомгоо хаагуур, яаж борлуулах вэ?

-Шинэ цомгоо itunes.com, amazon.com зэрэг арав гаруй сайтаар борлуулна. Өнгөрсөн жил бид “Say it now” синглээ ийм маягаар борлуулсан. Одоо болтол пянз, цомог зэрэг уран бүтээлүүд үнэ цэнээ алдаагүй байгаа учраас цомог хэвлүүлье гэж ярьсан. Бид цомгоо 1000 ширхэг л хэвлүүлсэн. Энэ долоо хоногоос гадуур борлуулна.

-Хуур.mn гээд Монголын хөгжим мэдээллийн сайт хөгжмийн онлайн борлуултыг эхлүүлэх гэж байгаа. Танай цомог дотооддоо онлайнаар борлуулагдах уу?

-Бид энэ тоглолт дээр хамтарч ажилласан. Цомгоо Хуур.mn сайтаар борлуулж болно шүү дээ.

-Клипээ хэзээ хийхээр төлөвлөөд байна?

-Бидний хувьд клип, цомог, тоглолт гурав бие биенийгээ булаацалдсан учраас хамгийн түрүүнд цомог тэгээд тоглолт гэж шийдсэн. Клипний тухайд бодож байгаа зүйлс байна. Гэхдээ амламааргүй байна. Учир нь бид Бээжинд тоглох нэг төсөл дээр ажиллаж байгаа.

-Ямар төсөл вэ?

-Монгол, Хятадын соёлын солилцооны хүрээнд энэ зун Бээжингийн үзэгчдэд зориулан жааз тоглолт хийнэ. Мөн ирэх аравдугаар сард “Их талын жааз” наадамд оролцоно.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж