
Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1556 аж ахуйн нэгжийг аттестатчлах ажил өнгөрсөн сараас эхлэн үргэлжилж байгаа аж. НИТХ-ын дарга Н.Баттулга “Аттесчтатчилал нэрээр аж ахуй нэгж, байгууллагуудыг байнга шалгаж, дарамталдгаа болих хэрэгтэй. Мөн архи худалдаалах, үйлчлэх эрхийг НЗДТГ-аас олгодгийг зогсоож, энэ эрхийг дүүргүүдэд шилжүүлэх нь зүйтэй” гэдгийг хурлын үеэр онцолсон юм.
Түүнчлэн НИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр зарим асуудлаар холбогдох албаныханд үүрэг өглөө. 2013 оны нийслэлийн төсвийн тодотголыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд даруй оруулж, дараагийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахыг нийслэлийн ЗДТГ-ын Стратеги, төлөвлөлтийн хэлтэст, 6 сарын өмнөөс эхэлсэн тэнэмэл гэх тодотголтой 60 иргэнийг нийгэмшүүлэх ажил удахгүй дуусах гэж байгаа тул хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэх санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, ажилтай орлоготой, орон гэртэй болгоход анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариусан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан дүүрэг, хороодын хэсгийн ахлагч нар ухуулга, сурталчилгааны ажил хийгээд байгааг анхаарч, төрийн албаны үүрэгт ажлыг хариуцлагатай байлгахыг дүүргүүдийн Засаг дарга нарт анхааруулав.
Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг удирдсан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Удахгүй болох Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан холбогдох газрууд уялдаа холбоогоо сайжруулан, хамтран ажиллах, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэл хотод “Тамхи татах” цэгүүдийг 14 хоногийн дотор байгуулах үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт өгсөн бол их хэмжээний борооны улмаас эвдэрч, цоорсон дээврийн асуудлыг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн шийдвэрлүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Стратеги, төлөвлөлтийн хэлтэст даалгасан байна.