
Тиймээс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-ҮүлШувуун фабрик болон Өлзийт хорооллын иргэдтэй уулзаж, үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Энэ үеэр хотын дарга Э.Бат-Үүл үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоож, гарсан хохирлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барагдуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Уулзалтын үеэр “Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороололд зам тавих ажлыг эхлүүлсэн байгаа. Бид үүнийг 11 сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Та бүхний хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгийн хүүхэд зөөх автобус, нийтийн тээврийн асуудал шийдэгдэх боломжтой болох юм” гэж Нийслэлийн Засаг дарга хэллээ. Хот байгуулалтыг Биокомбинат, Шувуун фабрикруу чиглүүлэн 600 мянган хүн амьдрах, хөдөө аж ахуй хосолсон суурьшлын шинэ хот болгохоор төлөвлөж байгаагаа хотын дарга дуулгаад гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар танилцуулсан. Шувуун фабрик, Өлзийт хорооллын иргэдэд газраа шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх, газраа худалдах гэсэн санал дэвшүүлсэн бөгөөд үүнийг сонссон иргэдийн ихэнх нь эхний 2 хувилбарыг сонгож байсан юм. Түүнчлэн тэр хавийн айл өрх бүрт тулгарч буй гол асуудал нь карьерыг үйл ажиллагааг зогсоосон ч шөнө дөлөөр шороо татуулан явж, том оврын автомашинууд дуугараад унтуулдаггүй, шөнө өдөргүй том машинууд сүлжилдсэнээс болж тоос шороо ихээр босч, эрүүл амьдрах нөхцөлгүй болсон гэдгээ хэлж байлаа. Хариуд нь хотын дарга “Бүтээн байгуулалтын ажил хайрга, дайргагүйгээс урагш явахгүй зогсоход хүрээд байгаа учраас оршин суугч та бүхнээс карьерын үйл ажиллагааг нээж өгөхийг хүсэж байна. Карьерыг нээсний дараа шөнийн цагаар ажиллуулахгүй байхын зэрэгцээ тусгай замаар явуулна” гэсэн хариулт өгчээ.