Улаанбаатар хотын агаарыг цэвэр байлгах нь хүн бүрийн үүрэг хариуцлага

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын агаарыг цэвэр байлгах нь хүн бүрийн үүрэг хариуцлага

Дэлхийн банкны “Цэвэр агаар” хөтөлбөрийн менежер Гайлуис Ж.Драугелис Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдолд судалгаа хийсэн бөгөөд судалгаанаас хийсэн дүгнэлтдээ тулгуурлан энэхүү нийтлэлийг туурвижээ.

Улаанбаатар хотын нэг сая орчим оршин суугч хотын агаараар амьсгалж, тэдний уушиг хортой тоос тоосонцрыг шүүх шүүлтүүр мэт ажиллаж байна. Эрдэмтэн судлаачид энэ тоосыг РМ буюу “тоосонцор” гэж нэрлэдэг ба хэрвээ энэ тоосонцор маш жижиг (10 микроноос жижиг буюу РМ10) бол амьсгалын замын өвчин үүсгэж, ард иргэд хичээл сургууль, ажил төрөлдөө явахгүй байх үзэгдэл ихэсч улмаар дутуу төрөлт үүсгэх аюултай.

Монгол Улсын Их сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн болон Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар сүүлийн гурван жилд Улаанбаатар хотын РМ10 хэмжигдэхүүн Монгол Улсын Агаарын Чанарын Стандарт хэм хэмжээнээс даруй 2-5 дахин их, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон үзүүлэлтээс 5-10 дахин их, Европын орнуудын тогтоосон хязгаараас 3-7 дахин их байна. Өвлийн улиралд РМ10 дундаж агууламж өдөртөө Монголын стандарт хэм хэмжээнээс 7 дахин, ДЭМБ-аас хөгжиж буй орнуудад зориулан тогтоосон хамгийн уян хатан үзүүлэлтээс 4 дахин, дэлхийн хэмжээнд баримталж буй үзүүлэлтээс 14 дахин их байна.

Эдгээр тоон үзүүлэлт та бидний мэдэж байгаачлан Улаанбаатар хотын агаарын бохирдолт бүтэн жилийн турш туйлын муу, ялангуяа өвлийн улиралд маш муу, аюултай байгааг батлан харуулж байна.

Агаарын бохирдлыг амжилттай бууруулж чадсан хотууд байгаль орчны хувьд ээлтэй бус үйл ажиллагаа, дадал зуршлыг өөрчлөхийг оршин суугчдаасаа хүссэн байдаг. Мөн агаарын чанарын стандарт хэм хэмжээг тогтоож, гол бохирдуулагчдаас гарах утаанд хязгаарлалт тавих, зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах болон холбогдох стандарт, журмыг биелүүлэхтэй холбоотой өртөг зардлыг бууруулахад туслалцаа үзүүлсэн байна.     

Ерөнхийдөө агаарын бохирдлыг хэрхэн бууруулах асуудлаар улс төрчид, ард иргэд, эрдэмтэн судлаачид харилцан зөвшилцөлд хүрэхэд тодорхой цаг хугацаа шаарддаг. Учир нь агаарын бохирдлын шалтгаан, бохирдлыг арилгаж эрүүлжүүлэх тухай шинжлэх ухааны нийтлэг ойлголт, итгэл үнэмшил өөр байх, зарим тохиолдолд шаардлагатай мэдээлэл олж авах үйл явц жам ёсныхоо хувьд туйлын удаан байдаг явдал юм. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулах талаар хүмүүсийн хүсэн хүлээж байдаг зүйл бодитой бус байж болох талтай гэсэн үг. Энэ нь материаллаг бааз, нөөцийг үргүй зарлагадах, хүн бүр зайлсхийхийг хүсдэг сэтгэл санаагаар унах үзэгдэл илрэхэд хүргэдэг.

Монгол Улсын Их сургууль, Норвегийн Агаарын Судалгаа Шинжилгээний Хүрээлэн болон Дэлхийн Банкны хамтарсан судалгаагаар бидний амьсгалж буй бохирдлын гол эх сурвалж бол тоос байдаг ажээ. Бүтэн жилийн турш агаарын бохирдлыг хэмжиж үзвэл жилийн РМ10 –ын дундаж агууламжийн 40%-ийг гэр хорооллын халаалт, 50%-ийг тоос үүсгэж байгаа тоо гарч байна.   Энэхүү тоос нүүрс түлдэг зуух, цахилгаан станц, бойлураас гарах үнс болон цөлжилтөөс үүсэн гарч байна.  Тэгэхэдээ өвлийн цагийн агаарын бохирдлын ихэнх нь ялангуяа маш их хүйтэн үед гэр хорооллын халаалтаас шалтгаалан үүсэж байна.   

Дэлхийн Банкны хамтарсан судалгаанд дурдсанаар гэр хорооллын халаалтаас (зуух, ханан зуух, нам даралтын зуух) үүдэлтэй утаа, тоосонцрыг 50 хувь бууруулж чадвал РМ10 –ын жилийн дундаж агууламж 1/3-ээр буурах боломжтой ажээ. Энэ нь маш тодорхой үр дүн төдийгүй өвчлөлийг багасгах боломжийг бүрдүүлэх ч агаарын бохирдлын тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж устгаж чадахгүй нь тодорхой.

Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан бодит шийдвэр боловсруулах боломжтой. Жишээлбэл Дэлхийн Банкны хамтарсан судалгаагаар (мөн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны явуулсан түлш ба зуухны туршилтын дүнгээр) өдрийн цаг дахь агаарын бохирдлын оргил үе халаалтын зуухыг галлах цикл буюу хуваарийн дагуу зуухыг галлаж, зууханд түлш нэмж хийх үеийн агаар дахь утаа тортогийн оргил үе хоорондоо асар их уялдаатай, харьцаатай байгааг харуулжээ. Эдгээр оргил үеүүд өвлийн улиралд агаарын нийт РМ агууламжид нэгэн ижил нөлөөлж байгаа учраас зууханд түлш хийж, нүүрсийг асаах хэлбэрийг бодит амьдралд хэрхэн өөрчлөх талаар анхаарах шаардлага ч байна.

Гэвч агаарын бохирдлыг бууруулах ид шидийн дохиур байхгүй – бид ашиглаж байгаа технологио болон хэвшиж заншсан байгальд ээлгүй дадал зуршлаа өөрчлөх шаардлагатай байна. Богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэхийн тулд шинэ зуух, бойлуур, түлш, гэрийн дулаалалтын тусгаарлагч материал хэрэглэх зэрэг аргууд байж болно. Гэрт оршин суугчид зуухаа галлах, түлш нэмж хийхэд хэрэглэж ирсэн дадалдаа өөрчлөлт оруулах шаардлага гарч магадгүй. Орон сууцжуулах асуудал бол мэдээж урт хугацаанд хэрэгжүүлэх шийдэл. Гэвч тухайн орон сууцны төлбөр, завсар үйлчилгээний хөлс, цахилгаан, дулаан, ус, бохир ус, шугам сүлжээний хөлсийг хэн төлөх вэ? Утааны 50%-ийг бууруултал ийм хөтөлбөрт хир урт удаан хугацаа шаардлагатай вэ? Хангалттай дэмжлэг авах боломжтой ч зарим шийдлийн хувьд эдүгээ биелүүлэх боломж хязгаарлагдмал байна.

Нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөхүйц, техникийн хувьд боломжтой агаар дахь хорт утааг бууруулахад чиглэсэн зорилго дэвшүүлэх нь өндөр үр дүнтэй.  Зорилгоо мэдэж байх явдал түүнийгээ биелүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулахад тусална.

Дэлхийн Банкны судалгаанд тооцоолсноор хэрвээ цахилгаан станцуудаас гарах хорт утаа, гэр хороолол болон нам даралтын зуухнуудаас гарах дулаан хий, тоосыг 80 хувиар бууруулж чадвал РМ10-ын Монгол Улсын стандарттай нийцэж боломжтой болох ажээ. Гэвч маш богино хугацаанд агаарын бохирдлыг ийм өндөр хувиар бууруулах нь хэтэрхий их өртөг зардал шаардаж болох талтай.

Агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдан, хянаж, зохицуулах Үндэсний Хорооны удирдлага, зохицуулалтын үр дүнд УБ хотын агаарын бохирдлыг бууруулах үйл хэрэгт хэд хэдэн хандивлагч байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлж агаарын бохирдлыг бууруулахад бэлтгэх буюу хэрэгжүүлэх зардлыг багасгахад туслахаа илэрхийлээд байна. Ирэх өвөл гэр хороололд анхны бөгөөд томоохон хэмжээний туршилтын төсөл хэрэгжүүлэх  магадлал өндөр байна. Гэвч энэ бол хангалтгүй.

Аливаа шийдвэрийг хэрэгжүүлэх үйл явц амар хялбар бус, хамтын хүчин чармайлт шаарддаг учраас ард иргэдийн ойлголт, дэмжлэг хэрэгтэй.  Нийт иргэд, ялангуяа гэр хороололд оршин суугчид гэр халаах арга, тэхнологидоо өөрчлөлт хийх шаардлага урган гарч ирэх магадлал өндөр байна. Юу болж байна, юу болохгүй байна, шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар Монголын Засгийн газар, иргэдийн хооронд нээлттэй хэлэлцүүлэгүүд хийх шаардлагатай.  

Улаанбаатар хотын агаар цэвэр байх нь хүн бүрийн үүрэг хариуцлага мөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж