&#34Эхнэрийг нь шалгах эх үүсвэр Ё.Отгонбаяраас эхэлсэн&#34

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

&#34Эхнэрийг нь шалгах эх үүсвэр Ё.Отгонбаяраас эхэлсэн&#34

Улсын мөрдөн байцаах газраас дөнгөж сая сүүлийн үед шалгагдаж байгаа томоохон хэргүүдийн явцын талаар мэдээлэл хийлээ. УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг шалгаж байгаа гэх хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг анх хэрхэн шалгаж эхэлсэн юм бэ? 

-Зарим намын зүгээс манайд шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул өнөөдөр бид албан ёсоор мэдээлэл хийж байна. Ё.Отгонбаярын хэргийн тухайд 2013 оны гуравдугаар сарын 20-нд иргэн Ч гэж хүн “Намайг Энхтайваны гүүрэн дээр хэсэг залуус зодож, миний “Ланд круйзер 200” маркийн автомашиныг дээрэмдчихлээ. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг би сэжиглэж байна. Учир нь БСШУ-ын сайд байсан Ё.Отгонбаяр гэж хүн сайдаар ажиллаж байхдаа Налайх дүүрэгт барьсан миний нэр дээр байдаг барилгын ашиглалтын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Ё.Отгонбаяр барьсан барилгыг минь ашиглалтад хүлээж авахдаа 230 сая төгрөгийг хахуульд авах саналыг хүнээр дамжуулан  надад тавьсан. Энэ хахуулийн мөнгийг өгөхгүй гэсний хариуд хүмүүс явуулж, намайг зодуулж, дээрэмдүүллээ” гэж манайд хүсэлт гарган, мэдүүлсэн байдаг. Бид энэ дагуу шалгаж үзэхэд иргэн Ч-гийн өгсөн мэдээлэл үнэн байсан.

-Ё.Отгонбаяр гишүүн хээл хахуулийн мөнгө нэхэж, захиалгаар хүнийг зодож, дээрэмдүүлсэн гэсэн үг үү?

-Зодсон, хээл хахууль өгөхийг санал болгож зуучилсан хүмүүс нь бүгд тэр талаар гэрчилж байгаа.  Ё.Отгонбаяр тэр хүнтэй хамт хоолонд орохдоо хахуулийн мөнгө нэхэж,  мөнгөний хэмжээний талаар тохиролцож байгаа баримт нь ч бий. Анх ийм учраас Ё.Отгонбаяр гишүүнийг шалгах шаардлагатай болсон. Шалгах ажиллагаанд бид Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас тодорхой мэдээлэл авч, мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулсан байгаа. Хэргийг шалгах явцад Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсан нь тогтоогдсон. Жишээлбэл, 2010 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 300 сая, 420 сая, 338 сая, 80 сая төгрөг дараалан О.Эрдэнэсолонгын дансанд орж,  дахин хоёр дансаар дамжин өөр банкны нэг дансанд төвлөрч, улмаар төвлөрсөн мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй бэлнээр гаргасан байдаг. Яг ийм байдлаар их хэмжээний төгрөг болон валют орж, гарсан хэрэг байдаг.

-Шалгалтын явцын тухай сонирхож болох уу?

-Бид одоогоор дөрвөн банкинд шалгалт оруулаад байгаа. Эдгээрээс Зоос, Анод банк дампуурсан байгаа. Гэхдээ энэ хоёр банкийг болон бусад хоёр банкны санхүүгийн мэдээлэл, дансанд хоёр талаас орж, гарсан мөнгөний хэмжээг шалгаж байгаа. Мөнгөний хэмжээ хэд ч байж болно. Ямартай ч нилээдгүй их хэмжээний мөнгө байгаа гэдгийг л хэлмээр байна.

-О.Эрдэнэсолонгыг заавал саатуулах шаардлагатай байсан юм уу?

-О.Эрдэнэсолонгын нэр дээр 26 данс байгаа. Дансны эзнээс ямар учиртай мөнгө болохыг зайлшгүй асууж, шалгах ёстой. Тиймээс л саатуулсан.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрээ гадуур шалгуулах хүсэлт гаргаад байгаа гэсэн. Батлан даалтад гаргах уу?

-Ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь О.Эрдэнэсолонгыг өвчний улмаас гадуур шалгаад өгөөч гэсэн санал ирүүлсэн. Бид хүсэлтийг хүлээн авч, О.Эрдэнэсолонгыг шалгах шалгалтын явц удаан явагдах учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өнөөдөр прокурорт хүргүүлсэн.

-Ё.Отгонбаярын эхнэрийг шалгаж байгааг сонгуультай холбоотой гэж тайлбарлах хүн цөөнгүй байна?

-Сонгуулийн үйл ажиллагаа эхлэхээр мөрдөн байцаалт түр зогсоно гэсэн зүйл байхгүй.Тиймээс энэ хэргийг шалгаж байгааг сонгууль, улстөртэй холбож тайлбарлах шаардлагагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.

Д.ЖАРГАЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж