
Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид анхаарлаа хандуулж, ирээдүйн залгамж халаа, хүүхдээ хөгжүүлж, хамгаалж, эрх үүргээ ухамсарласан иргэн болон төлөвшүүлэхэд нийгмийн шат шатны оролцоо чухал гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолсон. Үүнээс гадна нийгмийн бүх шатны оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрийн бодлогоор дэмждэг тогтолцоо бий болгох шаардлагатай юм байна. Тиймээс төрийн бүх шатны байгууллага хамтран бодлогоо тодорхойлж, ажиллах нь зөвлөгөөний нэг онцлог юм байна. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль 1992 онд батлагдсан бөгөөд энэ өдрөөс хойш нийгэм даяаршилж, шинэчлэгдэхийн хирээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болж байгаа бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон Гэр бүлийн тухай хууль, Хүчирхийллийн тухай хуулиудад шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа аж. Хүүхдийн асуудал, нийгмийн асуудал, гэр бүлийн асуудал нийгмээ дагаад өөрчлөгдөж байгаа учраас дээрхи хуулиудыг шинэчлэн найруулж, нийгмийн бүх шатны байгууллагуудыг оролцуулан зөвлөлдөж байгаа аж.
2012 оны байдлаар 1238 гэр бүлийн хүчирхийлэлтэй гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 5500 орчим хүүхэд хүчирхийлэлд өртсөн мэдээлэл байдаг аж. Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар, хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийллийн, маргааны хохирогч нь хүүхэд, мөн гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд болон хувирч байгааг албаныхан судалжээ. Тиймээс гэр бүлд суурилсан хүн амын цогц бодлогыг боловсруулан ажиллаж байгаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хамгааллыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой юм байна.