Монгол охиныг хөнөөсөн гэмт хэрэгтний шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Монгол охиныг хөнөөсөн гэмт хэрэгтний шүүх хурал эхэллээ

Гурван жилийн өмнө буюу 2007 оны аравдугаар сарын 31-нд Аламеда хотод Халловены баярын үеэр 15 настай монгол охин Б.Ичинхорлоо алуурчны гарт харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Аламеда хотын Дээд шүүхийн танхимд эхэлжээ. Охиныг буудсан “Тони” буюу Quochuy Tran нь хэрэг хүлээх насанд хүрээгүй байсан учраас шүүх хурал ийнхүү хойшилсоор өнөөг хүрсэн аж.
Шүүх хурлын анхны танилцуулга явагдаж, алуурчинд ялын дээд хэмжээ өгөхөөр болсон байна. Мөн энэхүү хэрэгт хам хэрэгтнээр татагдсан Оакландын таван эрэгтэйд тодорхой хэмжээний ял өгөхөөр төлөвлөөд байгаа аж.

Quochuy Tran хэргээ бүрэн хүлээж, өөрийн гэм буруудаа гэмшиж буйгаа хэлсэн байна. Харин шүүх хурлын үеэр нас барсан охины аав, ээж охиныхоо зургийг барин гарч ирсэн ба “Энэ миний охин” хэмээн нулимс урсган хэлсэн байна. Тэд өөр зүйл яриагүй ба хэрэгтний өмгөөлөгч тэднээс нэмэлт асуулт асуугаагүй байна.

Хэргийн үйл явцын талаар шүүх хурал дээр танилцуулахдаа “Зургаан залуу Оакландаас Аламедад ирээд Халловены баяр болж буй газраар явсан. Тэр үед төрсөн өдрөө тэмдэглэж буй Ичинхорлоо болон түүний найзуудыг дээрэмдэхээр шийдсэн байна. Тэр үед Ичинхорлоогийн ах 17 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байсан аж. Тэгээд залуус тэднийг айлгах санаатай агаарт дөрвөн удаа хий бууджээ. Харин тэр үед жинхэнэ буун дуу гэж тэд мэдээгүй, Халловены ёслолын буудлага хэмээн анзааралгүй өнгөрсөн аж. Тэр үед Quochuy Tran хүүхдүүд рүү буугаа чиглүүлэн буудсан ба Ичинхорлоо охины нуруунд сум туссан байна. Охины орилон унахыг харсан залуус тэр даруйдаа зугтсан байна.

Нэлээд хугацааны турш цагдаагийнхан мөрдөн шалгасны эцэст гэмт хэрэгтнүүд олдсон ба тэд хэргээ хүлээсэн байна. Харин хэрэг үйлдэхэд ашигласан гар буу нь одоог хүртэл олдоогүй байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж