
Нийслэл хотыг хогноос салгах их аян өрнөж байна. Цаг наашилж, цас ханзрахаар их хэмжээний хур хог гарч ирэхийн дээр уулын уруй, их устай борооноор жалга суваг даган ус биш хог урсан орж ирэх болов. Тэр их хогийг улсын баяр наадмаас өмнө цэвэрлэж дуусгахаар хаа сайгүй ажиллаж эхэлжээ. Гэтэл нийслэлийн Баянзүрх дүүрэгт л гэхэд хог тээвэрлэлтэд хүндрэл учирч эхэлжээ. Учир нь тус дүүргийн Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/-ийг хуучин дарга нь хувьчлан авч, хувийн өмчид шилжүүлснээр хог ачилт эрс муудсан дүн гарчээ. Одоогийн байдлаар хог тээвэрлэлтийн зардалд орон сууцны нэг өрх сард 2000 төгрөг, гэр хорооллын өрх 2500 төгрөг төлдөг. Гэтэл энэ мөнгө тээвэрлэлтийн зардлын талд нь ч хүрэлцдэггүй гэнэ. Дүүргийн хэмжээнд хийсэн судалгаагаар хог ачиж буй зардал орлогоосоо гурав дахин өндөр байдаг ажээ. Тиймээс хувьчлагдсан ТҮК-ийнхан хур хогонд санаа тавихаа больсон тул 400 сая төгрөгөөр худалдсан ТҮК-ийн хувьчлалыг буцаахаар хууль хяналтын байгууллагуудад хандаад байгаа юм байна.
Д.ЦЭЭНЭ