Б.Сарнай: Хувцас загвар бол амилж буй уран зураг

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Б.Сарнай: Хувцас загвар бол амилж буй уран зураг

Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн долоо хоногт “Mirai Fashion” группын “Нэг дэлхий” гэх хувцас загварын үзэсгэлэн болж өнгөрсөн билээ. Тус үзэсгэлэнгийн талаар “Mirai Fashion” группын зураач, дизайнер Б.Сарнайтай уулзаж ярилцлаа.

-Үзэсгэлэнгээ яагаад “Нэг дэлхий” гэж нэрлэх болсон юм бэ?
-“Mirai Fashion” гээд манай группын дизайнерууд нэг жилийн турш “Нэг дэлхий” сэдвийн дор ажилласан байгаа. Энэ сэдэв өөрөө өргөн хүрээтэй. Ерөнхийдөө глобальчлал, дэлхийн дулаарал, усны асуудлыг хөндсөн. Одоо бид бүхний амьдарч байгаа амьдрал маань хэр зэрэг үнэтэй, сайхан зүйл болохыг л манай дизайнер болгон өөрсдийнхөө коллекцод тусгаж өгөхийг оролдсон. Өөриймсөг үзлээр бүх юманд хандах сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Манай хотынхон гэхэд усны хувьд тансаг хэрэглээтэй, гоожуулаад л орхичихдог. Гэтэл өөр улсад, жишээ нь, Германд гэхэд усны тоолуураа ямар нягт нямбай хянадаг гээч. Японд ч гэсэн халуун усаа өөсрдөө халааж хэрэглэдэг ш дээ. Хөгжилтэй орнууд усаа гамнаж байхад манайх болохоор миний юм, манай эх орны юм гэсэн ямар ч сэтгэл байхгүй гоожуулаад л бүх юм нь тооцоогүй явж байдаг. Хот дүүрэн барилга босчихсон, чөлөөтэй явах газар ч ховор. Хүүхэд тоглох тоглоомын талбай, мод зүлэгжилт юу ч байхгүй. Өвөлдөө гэр хорооллын, зундаа машины утаанд баригдаад л. Тийм учраас хэт их хөгжилтэй болохдоо гол нь биш, эрүүл орчинг бүрдүүлэн өөрсдийнхөө байгаа юмаа гамнаж, энэ бүхнийг хайрлах үүднээс энэ сэдвийн дор ажилласан байгаа. Хүн бүр тусдаа өөр өөрийн гэсэн сэдэвтэй. Жишээлбэл, Бэлгүүтэй гэхэд “Ирээдүйн монголчууд”, Цэлмэг “Амьдралын баяр баясгалан”, Амарзаяа амьдралын хар цагааныг дүрслэн харуулсан. Дэлгэрмаа “Индиго хүүхдүүд” сэдвээр гэх мэт амьдралын сайн сайхан, байгалийн гоо үзэсгэлэнг илэрхийлсэн коллекцууд хийсэн байгаа.

-Үзэсгэлэнг оюутнуудтайгаа хамтран гаргасан гэсэн?
-2003 онд Японд Токиогийн хувцас загварын Сүгино Институтын Дореме сургуулийг төгсөөд тэнд хоёр жил туслах багшаар ажиллаж байгаад хүрч ирсэн. Мөн СУИС-ийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургуульд Урчуудын Эвлэлийн Хорооны шагналт зураач Ц.Нарангэрэл багшийн урланг төгссөн. Энд сурсан уран зургийн мэдлэг, мэдрэмжээ Японд очиж хэрэгжүүлээд, хувцас загварын чиглэлээр суралцан хүрч ирээд төгссөн сургуульдаа хувцас загварын чиглэлээр багшилсан л даа. Энэ хугацаандаа одоо хамтран үзэсгэлэнгээ гаргасан оюутнууддаа сурч мэдсэнээсээ заасан. Манай дизайнерууд Соёл урлагийн Их сургуулийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн хувцас загварын ангийг амжилттай төгссөн юм.

-Энэ таны хэд дэх үзэсгэлэн бэ?
-2007 онд Японы дизайнер Ниномия Токог уриад Ниномия Токо гуай өөрийн 30-аад хувцас, оюутнуудынхаа 10-аад хувцастай Монголд ирсэн юм. Тэгээд манай дизайнеруудтай хамтраад “Mirai Fashion&Art” загварын шоу, үзэсгэлэнг зохиож байсан. Дангаараа шоу үзэсгэлэн зохиохоосоо илүү хамтарч ажиллаж байсан. Гэр бүлийнхээ үзэсгэлэнтэй нийлээд 2, 3 дахь үзэсгэлэн болж байна.

-Зураачаас хувцас загварын мэргэжил рүү ороход ямар байсан бэ?
-Хэцүү зүйл их байсан. Зураач хүн чинь эрх чөлөөтэй уран бүтээлээ хийдэг бол хувцас загвар техник, технологи талын зүйлс их сурах хэрэгтэй. Дизайнер их гоё мэргэжил. Урлагийн юм шиг мөртлөө яг дангаараа оршин тогтнож чаддаггүй, багаараа ажилладаг. Эсгүүрчин, оёдолчин, загвар өмсөгч гээд хүмүүстэй харьцах болдог. Мөн бүх юмыг мэдэхгүй бол болохгүй. Урлагийн, маркетинг менежментийн мэдлэг ч байх ёстой. Тэгсэн мөртлөө технологич байх ёстой, тэр тал нь нэлээн хэцүү байсан. Чөлөөтэй зураг зурдаг байсан хүн чинь юм оёхоор их нервтдэг юм байна лээ /инээв/

-Чөлөөтэй, өргөн сэдвээр уран бүтээлээ хийдэг байж байгаад загварын төрөл рүү орохоор орон зайн хувьд хумигдаж багасдаг болов уу?
-Сэдвийн хувьд хуюцас загвар гэдэг уран зурагтай адилхан чөлөөтэй сонголт хийх боломжтой. Уран зураг хавтгай дээр хийгддэг ч орчин үеийн модерн арт нь инстолляци, 3D тал руугаа хөгжиж байна. Хувцас загвар цаасан дээр гаргасан эскизээ амилуулдаг яг баримал шиг. Тэр чинь их гоё л доо. Яг л уран зураг амилж байгаа юм шиг тэр талаараа их таалагддаг. Дээр нь хөгжим, загвар өмсөгчид, гоё загварын тайз, хэвлэл мэдээлэл гээд орж ирнэ. Ингээд бодохоор нөгөө талаас илүү хөдөлгөөнтэй, олон хүнтэй харьцах завшаантай одоо үедээ амьдрахад илүү өгөөжтэй мэргэжил юм болов уу гэж боддог. Зураачдын бас нэг хэцүү юм нь тухайн үедээ Моделиани, Ван Гог зэрэг алдартай зураачид маань зургаа үнэлүүлж чадахгүй бачимдаж байсан. Гэтэл загвар болоод ирэхээрээ харьцангуй хэрэглэгчийн урлаг болоод ирдэг. Бас яг амьдрал дээр гараад ирэхээрээ хэцүү. Нөгөө гоё хийж байсан мөрөөдлийн ертөнц маань эргээд хэрэглэгч рүүгээ очих ёстой болдог. Урлаг, эстрадын одуудыг эс тооцвол жирийн хүмүүс бол энгийн л хувцас өмсөхийг хүсдэг. Тэр болгонд өөрийгөө хумин тухайн хүнээ бодож, татах таалагдахуйц юмыг бүтээх ёстой болоод ирэхээр амаргүй,үнэхээр эрх чөлөө нь хязгаарлагдмал болж ирдэг юм байна лээ. Тийм учраас хүсэж байгаа зүйлээ зураг дээрээ илэрхийлээд хажуугаар нь хэрвээ хүн хүсвэл зориулаад загвар гаргана. Залуу дизайнеруудад илүү мөрөөдөлтэй байх үүднээс Японы загварын ертөнцтэй холбох ч юм уу тиймэрхүү ажлууд хийж байгаа.

-Япон, Монголын хувцас загварын тухай ярья л даа. Ялгаатай зүйлсийн талаар ярьвал… Мэдээж уламжлал, онцлог талууд гээд л их байдаг байх аа?

-Японы загварын ертөнц бол дэлхийн загварын ертөнцийн дайтай болчихсон. Дэлхийн загварын ертөнцөд Японы дизайнерууд хэд байгаа билээ. Гэтэл Монгол маань нэлээд хаагдмал орчинд хэвээр байгаа. Японы загварын цаана улс үндэстний соёл уламжлал гээд их нарийн мэдрэмж байна. Энгийн мөртлөө гоё чамин юм гаргаж чадаж байна. Манайхан болохоор дэндүү их нуршаад байдаг. Тэнд онцлог байгаа байх л даа. Гэхдээ манай эхнэр дээл хичнээн сайхан билээ, өнгөний асар гоё зохицолтой, гар чимхлүүр, нарийн хийцийн ажиллагаа ихтэй, баланс, зохиомжоо олсон байдаг шүү дээ. Бид нар эртнийхээ юмыг сайн судлаад гоё шинэ загвар гаргах хэрэгтэй. Аль болох хамтарч ажиллаж дэлхийн төвшинд дизайнерууд оролцдог болоосой гэж хүсч байна.

-Танд Японы зах зээл дээр өөрийн загвараараа өрсөлдөе гэсэн мөрөөдөл байдаг байх?

-Надад байгаа. Дизайнеруудыг тийшээ тэмцээн уралдаанд өрсөлдөөсэй гэж хүсдэг. Бас дуучин Оюунтүлхүүр эгч шиг тэмцээнд оролцоод бусдад дуугаа хүргэж чадсан шиг би ч гэсэн уралдаанд оролцон өөрийн загвараа бусдад үзүүлж байсан. Энэ нь хүнд гэгээлэг мөрөөдөл илүү их сайхан амьдрах хүч  өгдөг учраас оюутан, залуу дизайнеруудаа илүү энэ тал руу түлхэж байгаа. Хүн урлагт өөрийгөө зориулна гэдэг бол асар том золиос. Үүнд би эргэлзээд байдаг л даа. Манай япон багш Ямамото “Хүн ханах газраа мэдэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Амьдрал дээр мэргэжилдээ үнэнч байх, одоо байгаа амьдралдаа илүү ханамжтай амьдрах уу гэдэг асуултууд гараад ирж байгаа учраас заавал эцсийн цэг хүртэл явах биш, хайр сэтгэл, гэр бүл, хүүхэд гээд гэгээлэг зүйлст өөрийгөө зориулж болно. Тэр талаас нь илүү их бодох болсон юм болов уу гэж бодож байна.

-Эрэгтэй, эмэгтэй уран бүтээлчдийн хувьд ялгаатай тал нь юу вэ?
-Эрчүүд илүү хүчтэй, өргөн мэдлэгтэй, өргөн сонголттой уран бүтээлээ туурвидаг. Эмэгтэй хүн болохоор илүү нарийн мэдрэмжтэй, сэтгэлийн тэнхээгээрээ өөрийгөө боловсруулан уран бүтээлээ хийж байгаа нь надад сэтгэлийн дэм өгдөг.

-Таны дуртай өнгөнүүд?
-Дуртай өнгө гэж үү. Олон дуртай өнгө байдаг. Дангаараа өнгө өөрөө оршин тогтнодоггүй, хүйтэн өнгөний хажууд дулаан өнгө, дулаан өнгөний хажууд хүйтэн өнгө байж амилдаг. Тэгэхгүй бол нэг өнгө ялгарах онцлоггүй.

-Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-“Цагаандариум” гээд уран зургийн музей шинээр нээгдсэн байгаа. Нээлтээ энэ сард хийнэ. Энэ музейг уран зураг цуглуулагч, Үндэсний Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, М Си Эс группын ерөнхийлөгч Ж.Од, М Си Эс группын дэд захирал Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын цуглуулагчид хамтран байгуулсан. Уран зураг цуглуулагчид маань Монголын оюуны бүтээл болсон уран зургуудыг гадаадад гаргалгүй худалдаад авчихсан байдаг нь баярлууштай юм. Тус цуглуулганд Ардын зураач  Д. Амгалан гуай, Л. Ганболд, Ц. Энхжаргал гээд үе, үеийн Монголын зураачдын шилдэг бүтээлүүд бий. Музей маань байнгын коллекц ба арт галлерей гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Галлерейд тодорхой хэмжээний уран бүтээлийн борлуулалт хийн залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллах юм л даа.

-Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж