Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгээс өнгөрсөн 2011-2012 онд Улаанбаатар хотын 300 гаруй газраас хөрсний дээж авч шинжилгээ хийж, хөрсөнд агуулагдах хүнд металл, нянгийн бохирдол, барилга, байгууламжийн байшин доторх шорооны бохирдолтын төвшинг тогтоожээ. Шинжилгээгээр хөрсөнд агуулагдах хүнд металлын хувьд бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулбал хоёроос гурав дахин их, зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс зургаан хувиар л давсан хариу гарчээ. Мөн нийслэлийн хөрсний 72 хувь нь стандарт хэмжээнээс давсан нянгийн бохирдолтой буюу дөрвөн хувь нь их хэмжээгээр бохирдсон бол 20 хувь нь дунд, 45 хувь нь бага зэргийн бохирдолтой байгаа аж. Бохирдсон хөрс бидний уух усанд нэвчиж, 60 гаруй халдварт өвчин үүсгэж, хорт хийгээр амьсгалуулж, балчир үрс минь бохирлогдсон хөрсөн дээр тоглож байгаа гээд хөрсний бохирдлын хор хөнөөлийг тоочоод баршгүй.
Хөрсний бохирдолтой хэрхэн тэмцэж, бууруулах тухай ярихын өмнө хөрс ямар учраас бохирдоод байгааг дурьдах хэрэгтэй болов уу. Хөрсний бохирдол үүсэх хамгийн гол шалтгаан нь хог хаягдал, гэр хорооллын нүхэн жорлон, булан тойроод л ил задгай бие засдаг зэрэгтэй холбоотой. Нийслэлд 180 мянган айлын 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн 60 гаруй хувийн бохир хөрсөнд шингэж байгаа гэсэн үг. Нэгэнт жорлонг байхгүй болгох аргагүй тул хэд хэдэн арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, ундны усны эх үүсвэрийн орчин болон хотын төвийн хэсэгт хориглох, хориглосон бүсүүдэд бохирын хоолой орж ирээгүй бол бетондсон юм уу, юнкостой жорлон хийх, хүн амын нягтшил ихтэй хотын төвийн нийтийн байрны асуудлыг шийдэх зэрэг гарц байгаа аж.
Нийслэлд агаарын бохирдлоос болж эрүүл уушгитай хүн ховордож, нас баралтын гол шалтгаан болсон хавдар, халдварт өвчин өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр байгааг тоон мэдээлэл харуулж байгаа гэх. Гэтэл өвчлөлийн гол шалтгаан нь хөрсний бохирдол гэдэгтэй олон эмч санал нэгдэж байна. Хүн амын нягтаршил дээд цэгтээ хүрсэн нийслэлийн аль ч гудамж, байшингийн өнцөг тойроод л ялгадас, муу ус, үнс, хог новшиндоо дарагдсан байдал харагдана. Агаар, усны бохирдлын гол эх үүсвэр хөрсний бохирдолтой өнөөдрөөс эхлэн өөрсдөө тэмцье.