БНСУ-ын Статистикийн газартай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Статистикийн газартай хамтран ажиллана

Монгол улсын ҮСХ болон БНСУ-ын Статистикийн газар хоорондын хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд тус Хорооны төлөөлөгчид Солонгосын статистикийн байгууллагад айлчиллаа. Айлчлалын үр дүнд статистикийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт БНСУ-ын Статистикийн газар дарга ноён П.Хьёнсүү, тус Хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн нар өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр Даэжеон хотноо гарын үсэг зурлаа.

  Шинэчлэн байгуулсан санамж бичгийн хүрээнд талууд мэдээллийн технологи, хүний нөөцийг бэхжүүлэх, эдийн засаг нийгмийн салбарын статистикийн туршлагаас харилцан солилцох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах мөн Мэдээлэл сургалт, сурталчилгааны төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчдийн статистикийн мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо.

  Хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагаа 2001 оноос эхлэлтэй бөгөөд 2002, 2005 онуудад Хамтын ажиллагааны гэрээ байгуулан идэвхтэй хамтран ажиллаж ирсэн юм. Хоёр талт хамтын ажиллагааны сацуу Монгол улсын статистикийн тогтолцоог бэхжүүлэх МОНСТАТ төслийн хүрээнд Солонгосын талтай хамтран манай улсын статистикийн салбарын мэдээллийн технологийн төлөвлөгөөг боловсруулж, үндэсний статистикийн системийн нэгдсэн сүлжээг хамтран байгуулсан төдийгүй БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний систем – МОНСИС” төслийг амжилттай хэрэгжүүлж, статистикийн онлайн мэдээллийн сангийн удирдлага, тархаалтын системийг хамтран боловсруулж, нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: www.nso.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж