Хямд ажиллах хүчний зах зээл хумигдах уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хямд ажиллах хүчний зах зээл хумигдах уу?

Хятадын өмнөд мужийн Шинжин хотод “Фоксконн”-ын үйлдвэрт он гарснаас хойш  амиа хорлох 20 шахам оролдлого гарч, түүнээс 10 хүн нас барсан. Энэ нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Тайванийн “Фоксконн”-ын үйлдвэр нь “Apple”, “Dell”, “Hewlett-Packard”, “LG”, “Samsung” зэрэг гигантуудтай хамтарч, гэрээтэй ажилладаг. Тус компани нь цахилгаан хэрэгслийн үйлд­вэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Одоогоор “Фоксконн”-ын Хятад дахь салбаруудад нийт 800 мянга гаруй ажилтан ажилладгаас 420 мянга нь Шинжинд байдаг аж. Тэд үйлдвэрийнхээ дотуур байранд амьдарч, “Apple”-ийн “iPhone”-оос эхлээд “Dell”, “HP”, “Sony”, “Nokia”-гийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байна.
Харин “Фоксконн”-д гараад байгаа энэ олон ослоос болж, үйлд­вэрийн удирдлагууд олон ний­тийн зүгээс маш их шүүмж­лэл­тэй учирч байна. Амиа хорлох явдал ихсэх болсон шалтгааныг хотод ирж суурьшихаар шийдсэн хөдөөнийхөнд тулгардаг бэрх­шээ­лүүдтэй холбон тайлбарлах     шинжээч олон байна. Хөдөөнийхөн хотод орж ирээд “Фоксконн”       тэргүүтэй томоохон үйлдвэрт ажилд ордог. “CNN”-ийн сэтгүүлч тус үйлдвэрт очиж, хийсэн сур­валжлагаараа ажилчдынх нь амьдралын хэмнэл ажиллах, унтах гэсэн хоёрхон үйлдлээр хэмжигдэнэ гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрөхгүй аж. Тус үйлдвэрийн ажил­чид өдөрт 12 цаг ажилладаг аж. Сард дунджаар 130 ам.долларын цалин авдаг. “Фоксконн”-ын төлөөлөгчид ажилчдынхаа амьдрах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэ­дэнд санаа тавихад анхаарлаа хандуулах болжээ. Тэд энэ сарын 1-нээс ажилчдын цалинг 30 хувиар нэмж, сард 169 ам.доллар болгожээ.
Тэр ч байтугай хамтрагчид болох “Dell”, “HP”, “Apple” зэрэг компани энэ тал дээр хөрөнгө оруулалт хийхээр болсноо мэ­дэгдсэн. Үнэхээр ингэхээс өөр аргагүй. “Dell” шинэ  бүтээгдэхүүн “Streak”-ээ танилцуулж, “Palm”-ийн худалдаанд 1.2 тэрбум ам.доллар зарцуулсан. “Apple” саяхан iPad-ийг худалдаанд гаргасан. Тиймээс тэд ийм үед хэрэглэгчдийн итгэлийг алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой юм. Гэвч Хятадад иргэдийн зүгээс эсэргүүцлийн хөдөлгөөн аль хэдийн гараад эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Хонконгт эсэргүүцэгчдийн жагсаал болж, iPhone-ийн дүрс бүхий самбарыг шатаасан байна. Мөн  Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Фоксконн”-ын үйлдвэрт болсон ослуудын хариуцлагыг тус үйлдвэрийн эцэг компани болох Тайванийн “Хон Хай”-н тэргүүн Терри Гоу хүлээх ёстой хэмээн мэдээлж байна. Түүнчлэн Хятадын эдийн засаг тэлэхийн хэрээр нийгмийн асуудал, ажилчдын шинэ залуу үеийнхэнд тавих анхаарал халамжаа сайжруулах цаг болсон гэжээ. Энэ талаар Шанхайн “Венхуйбао”, Бээжингийн “Хуанкиү Шибао”, Хонконгийн “South China Morning Post” зэрэг олон сонинд нийтэлжээ.Хэдийгээр ажилчдын ца­линг нэмж, амрах орчин нөхцөлийг сайжруулсан ч энэ нь хэт олон цаг завсаргүй ажиллаж, сэтгэл судлаачдын нотолж буйгаар стресст орсон хүмүүсийн байдлыг дээр­дүүлэхэд нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй юм. Харин зах зээл дээр “Фоксконн”-ын хувьцааны ханш унажээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус компанийн хувьцаа Хонконгийн бирж дээр 2.7, “Хон Хай” корпарацийнх 1.2 хувиар буурчээ.
Зах зээл нь өргөжин тэлж, олон улсын эдийн засгийн харилцаанд тэргүүлж буй орны тоонд Хятад, Энэтхэг, Бразиль, ОХУ-ыг нэрлэж болно. Харин тэдгээр улсын хувьд хямд ажиллах хүчний зах зээл нь ийн голлон тоглогчид болоход нөлөөлсөн билээ. Гэхдээ ажиллах хүчний зах зээлийг хэт багаар үнэлж байгаа нь хүмүүсийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарч буйн жишээ “Фоксконн”-ын үйлдвэр болж байна. Үүнээс өмнө “Хонда Моторс” компанид 1850 ажилтан нь ажил хаялт зарласнаас болж тус компани Хятад дахь салбар үйлдвэрээ хаахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Хятадын ажилчид олон цагаар маш бага хөлстэй ажиллаж байгаадаа дургүйцэж эхэлжээ. Хятадын Зас­гийн газраас ажиллах хүчний зах зээлд хатуу хяналт тавьж, тэднийг цалингаа нэмүүлэх, ямар нэг гомдол гаргахыг эрс хориглох болсон. Гэвч тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ. Ажиглагчид сүүлийн гурван жилд үүнээс болж  эсэргүүцэл их гарах болсныг онцолж байна. Өмнө нь 2008 оны арван­нэг­дүгээр сард тус улсад 9000 таксины жолооч ажил хаяж, шатахууны үнийг бууруулж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахыг шаардсан. Түүнээс хойш өмнөд мужийн Саня хотод барууны хөрөнгө оруулалттай Ёонгденгийн үйлдвэрт,  худалдаа арилжааны төв Гуанжоуд мөн адил ажил хаялт болсон. Хятадад 1993-2007 он хүртэлх ажилчдынх нь дундаж цалинг до­­тоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй харьцуулан тооцоход 49.49 хувиас 39.74 хувь болж буурчээ. Энэ нь бүтээгдэхүүний гаралт ихсэхийн хэрээр ажиллах хүчний орлого буурах болсныг харуулж байна.



Т.Элиса.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж