Хятад аль талаар томорч байна, би Изралийнхныг өмөөрнө

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хятад аль талаар томорч байна, би Изралийнхныг өмөөрнө

1.САЙН ХӨРШИЙН ТҮНШЛЭЛ ЧАНАРЖИНА

Монгол, Хятадын сайн хөршийн түншлэлийн харил­цаа улам чанаржиж, бас төгөлдөржиж байгааг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн айлчлал харууллаа. Манай урд хөршийн энэ том даргын зөвхөн Монголд бус Азийн зарим орон, тэр дундаа Япон, хуваагдмал  Солонгос, хатуу дэглэмт Бирмд хийсэн айлчлал Хятад бүх талаар улам том гүрэн болж байгаагийн нотолгоо боллоо. Учир нь дипломат ёслол, хийсэн яриа хэлэлцээ, амлаж буй хөрөнгө мөнгө аль аль нь ланжгар байна. Өнө мөнхийн хөрш  Монгол, Хятад хо ёр улс дипломат харилцаа тогтоогоод 60 жилийг туулав. Тэр хугацааг шинэ маягийн, бас долгионт үйл явдлын жилүүд гэж нэрлэе. Олон улсын сэтгүүлч би гэхэд л Монгол, Хятадын харилцааг сүүлийн 30 жилд нь муучлан харааж ч үзсэн, магтан сайрхаж ч үзсэн, хардан эмзэглэж ч үзсэн. БНХАУ-ын Төрийн Зөв­лөлийн Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр  ярилцсан сэдэв нь өргөн, бас жинтэй байв. Хийсэн тохиролцоо нь бодит юм. Байгуулсан гэрээ хэлэлцээр нь хоёр оронтой тоонд багтах шахав. БНХАУ, Монгол Улсын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн заалтаас давж гарсан санаа, тоо баримт олон байлаа. Тавин сая юаний буцалтгүй тусламж, 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл нэмэгдээд 800 сая ам. долларт хүрчихлээ. Их мөнгөний зу­райтал гаргах мөр нь тод байгаад баяртай байна. Төмөр зам, барилга байгууламж, Бээжингийн гу­дамж, Замын-Үүдийн дэд  бүтэц, оюутан сургалт… Монгол, Хятадын харилцаа  улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, уул уурхай гээд л амьдралын бүх хүрээнд өргөжих нь. Худалдаа наймаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, мэдлэг чадвар шингэсэн эд агуурс байх нь.
Монгол орон хоёр их хөрштэйгээ энэ тэнцүүхэн харилцах нь бас чухал шүү дээ. Монгол Улс  Хятадтай Оросоос илүү тохиролцоо хийчихлээ гэж гадаадын зарим хэвлэлд бичсэн байна.

2. БИ ИЗРАИЛИЙГ  ӨМӨӨРДӨГ

Социализмын үед би бээр “Тель-Авивын дайчид хөөрхий Палестинчуудыг дарлаж бай­на” гэж үзэл суртлын үүднээс, бусдын зангаагаар мөн ч их ярьж бичиж байлаа. Тэгтэл олон улсын харилцааны шинэ дэг журам тогтож, Ойрхи Дорнодод хэд хэд очиж нүдээр харж, чихээр сонсоод  шал өөр бодолтой болсон юм.  Израилийн нийслэл Тель-Ави­вын олон улсын нисэх онгоцны буудалд анх удаа газардаад л энэ чинь ямар хөгжилтэй орон бэ, үйлчилгээ харилцаа нь ямар сайхан юм  гэж гайхаж, урьд бичиж, ярьж байснаасаа ичих шиг болсон. Израиль Улс хөгжлөө эрхэмлэж, амар   тайван аж төрөхийн төлөө тэмцэж байхад хаяанд нь байгаа Палестин  “Израилийг устгана” гэж бодлогод нь бичээстэй, хүн ардын, амны уншлага болсон байхыг  нүдээр үзэж, чихээр сонссон юм. Энэ бодлого, үйл ажиллагааны зөрүү л чухамдаа Ойрхи Дорнодын олон жилийн хямралын эх сурвалж мөн.
Өнгөрсөн долоо хоногт тэнд бас хэрэг явдал дэгдлээ. Газын зурвас газрын эрэг орчмын ойролцоо Газар дун­дын тэнгист явж байсан зургаан хөлөг онгоцны ачааг шалгуулахыг Израиль шаард­жээ. Аюулгүй байдлын үүд­нээс, амар тайван харил­цааны  төлөө Израиль улс тэр бүс нутгийг бүслэн хаах, хяналт шалгалт хийх дэглэм тогтоосон юм. Шаардлагыг биелүүлээгүй учир халдлага, мөргөлдөөн болжээ. Тэр онго­цууд Турк улсын далбаан дор хүмүүнлэгийн ачаа тээсэн цуваа байжээ. Тэнд Туркийн иргэд голдуу 600 гаруй хүн байсан ба 19 хүн алагдаж, 30 орчим хүн шархдаж, олон хүн баривчлагджээ.  Ийм хэрэг явдал гарсан нь харамсалтай ба буруутан нь зэмлэл, хариуцлага хүлээх нь дамжиггүй.
Газын зурвас олон жи­лийн турш “хэрүүлийн алим” болсоор ирсэн, тэнд аж төрдөг палестинчуудын хэлдэг үг, хийдэг ажил нь Израилийг уст­гах гэгч юм билээ. Палестины засаг захиргааны харьяанд байдаг Газын зурвасыг Израилийг устгах гол зорилгоо болгодог хэт давруу үзэлт  ХАМАС бүлэглэл мэдэлдээ авсан юм. Үүний улмаас  Израиль түүнийг бүс­лэн хаах дэглэм тогтоосон билээ. Хүмүүнлэгийн цуваанд халд­саныг мэдээж буруушаан зэмлэж байна. Энэ нь Израиль, Палестиний яриа хэлэлцээнд, Араб Израилийн харилцаанд, АНУ, Израилийн харилцаанд муу нөлөө үзүүлж байна. Энэ долоо хоногт энэ тухай яриа, үйл явдал өрнөх байхаа. Гэвч Би Израилийг өмөөрдөг.

3.ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД  НАОТО КАН СУУДАЛДАА ТУХЛАВ…

Монгол Улсын шинэхэн гадаад бодлогын чухал түнш Япон Улсын шинэ Ерөнхий сайдаар ноён Наота Кан сонгогдоод мэхийн ёсолж суудалдаа тухаллаа. Харин хуучин Ю.Хатояама нулимс унагаад хойш бол­лоо. Ноён Н.Кан өдгөө 63 настай, Сангийн сайд байсан. Японы санхүүгийн бүтэц, үйл ажиллагаанд их өөрчлөлт хийхээр амлаж байсан, түү­нийгээ одоо  бие­лүүлэх бүрэн эрхтэй болов. Нэлээд нягт нямбай, чанга гартай  аргагүй санхүүч хүн гэж хүмүүс хэлдэг. Тиймээс гадны хөрөнгө оруулагчид одоо яг ажиглах, болгоомжлох байдалтай болов уу даа.
Ерөнхий сайдаар сонгог­дохын өмнө Наото Кан Японы Ардчилсан намын дарга болсон. Энэ нь мэдээж Ерөнхий сайд болоход ногоон гэрэл асаасан хэрэг. Хагас зуун жилийн дараа Японы Социал-демократ намаас засгийн халааг авсан Ардчилсан нам улс төрийн тавцанд тийм тогтвортой хүчин байгаагүй. Ноён Кан түүнийг бат босгоно гэж амлав.
Японы түрүүчийн Ерөнхий сайд Ю.Хатояама богино хугацаанд ажиллаад огцорсон шалтгаан нь санхүү эдийн засгийн өөрчлөлт, өндөр хөгжилтэй боловч гадаад өр ихтэй, АНУ-ын тэнгисийн цэргийн хэсэгтэй холбоотой шүүмжлэл өрнөсөн билээ.. Эдгээр асуудлыг шинэ Ерөнхий сайдын хувьд мөн өвлөн үлдэв. Хэрэхийг амьдрал харуулна. Ноён Кан юутай ч сонгогдоод  “АНУ-тай тогтоосон харилцаагаа хадгалж үлдэх нь Японы дипломат бодлогын гол чиглэл байх болно” гэв.
Өргөн харилцаатай Японы шинэ Ерөнхий сайд ноён Наото Кан, түүний тэргүүлсэн Засгийн газарт Монголын олон нийт баяр хүргэж, амжилт хүсч байна.


4. “МОНГОЛ УЛС УРД ЗҮГ РҮҮ ХАРАВ”

“ГОЛОС РОССИИ”  олон улсын радио станцийн өчигдөр өглөөний тойм тайлбараар “Монгол улс урд зүг рүү илүүтэй харах боллоо” гэж тэмдэглэв. Энэ эь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд  Вэнь Зяабаогийн Монгол Улсад хийсэн айлч­лалын тухай тайлбар байв. Монгол, Хятадын тал Улаанбаатар хотод урьдаас илүү тохиролцоо хийсэн тухай эд өгүүлээд олон жилийн зузаан найрамдалтай Монгол, Орос хоёр оронд  хамтын ажиллагааны бааз суурь бий. Гэвч монголчууд хятадуудыг илүү их тоох боллоо гэж өгүүлсэн юм. ОХУ-ын түрүүчийн Ерөнхийлөгч Владимир Путин, одоогийн Димитрий Медведев нартай хийсэн тохиролцоонуудаас  өнөөгийн Хятадтай хийсэн гэрээ хэлэлцээ давж гар­лаа хэмээн ярив. Үүний  дотор ураны орд газрын тухай нэлээд дэлгэрэнгүй тайлбарлав.


Б.Дашзэвэг.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж