Уг зургийг Туркийн Анкара хотын Hacettepe их сургуулийн Урлагийн факультетийн уран зургийн ангийг дүүргэсэн, зураач Б.Ундрам санааг нь гаргаж, залуусыг ахлан зуржээ. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцав.
-Маш гоё уран бүтээл болжээ. Баяр хүргэе. Энэ зургийг ямар хугацаанд урлав?
-Зургаа нээлтээ хийхээс цагийн өмнө зурж дуусгалаа. Монголын урлагийн зөвлөлийнхэнтэй хамтран, маш богино хугацаанд зургаа амжилттай дуусгалаа. Тэд надад маш их тусалсан. Түүнээс биш Монголд ганцаараа газар зураг зурах хүндрэлтэй шүү дээ. Шороо, тоос, салхинаас авахуулаад өнөөдөр бороо орно гэж байсан учраас олуулаа нийлээд хоёр өдөр хүрэхгүй хугацаанд зурсан.
-Зургийн санааг өөрөө гаргасан уу. Эсвэл “Залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд санал болгосон уу?
-Миний санаа байсан. Бид энэ зургаа зурах гэж талбай хайж зөндөө явсан. Хотдоо нэг ч гэсэн гоё зүйл хийчих юмсан гэж ер нь боддог байсан. Жишээ нь, Төв номын сангийн хаалганы хажуугийн ханан дээр босоо том ханын 3D зуръя гэсэн санаа байсан ч зарим нэгэн шалгаанаас болоод зөвшөөрөөгүй. Тэгээд урд талбайгаа өгсөн учраас энэ зургийг зурлаа.
-Дараагийн төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу. Өөрт тань 3D зураг саналууд их ирж байгаа гэж сонссон?
-Санал нилээн ирдэг шүү. Би ер нь Монголд эргэж ирснээ тэр бүр мэдэгдээгүй л дээ. Өөрийнхөө урлан дээр хувийн уран бүтээлээ хийгээд явж байгаа. Төлөвлөгөө бол зөндөө байна. Хараахан ажил хэрэг болоогүй учраас тухайн үед нь л мэдээлье.
-Урландаа одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-“Цонх” гэсэн сэдвээр зурж байна. 3D зургийн техник ашигласан. Гэхдээ илүү уран бүтээлч тал руугаа ажиллаж байгаа. Энд зурсан зураг бол илүү action тал руугаа шүү дээ. Харин хувийн уран бүтээл бол өөр, багахан хэмжээний орон зай ашигласан сонирхолтой ажлуудыг хийж байгаа.
-Тэр бүтээлүүдээ хэзээ үзэгчдэдээ дэлгэх вэ?
-Ирэх ес, аравдугаар сард бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн байгаа.
“Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн тухайд өнөөдөр залуус төгсөлтөө хийн, гэрчилгээгээ гардан авч байгаа юм. Нийт 14 залуу уран бүтээлч, урлагийн менежер, сэтгүүлч мэргэжилтэй залуус уг хөтөлбөрт хамрагдаж, манлайлал, урлагийн менежмент, маркетинг, соёл урлагийн бодлогын сургалтад хамрагдсан байна. Уг хөтөлбөр хэрэгжсэн есөн сарын хугацаанд гадаад, дотоодын өндөр мэдлэг, туршлагатай багш нар, тухайлбал Уолтер Женкинс, АНУ-ын Сиэтил хотын “Урлагийн сан”-ийн дэд ерөнхийлөгч Двайт Жи, СЭЗДС-ийн дэд захирал Д.Гэрэлмаа, Глоб интернэшнл ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал зэрэг мэргэжилтнүүд өөрсдийн туршлагаасаа хуваалцжээ.
МУЗ нь 2008 оноос хойш “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөртөө нийт 77 залуу манлайлагчийг хамруулан, соёл урлагийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлж байгаа юм.