Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин нар өнөөдөр гарын үсэг зурав. Уул уурхайн үйлдвэрлэл явуулаад дараа нь нөхөн сэргээлт хийдэг стандартын хэрэгжилт сүүлийн жилүүдэд хангалттай бус байгааг БОНХ-ийн Сайд С.Оюун уулзалтын эхэнд онцлоод танай байгууллагатай хамтран ажиллах болсондоо талархаж байна. Үр дүн дагуулсан олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна гэв. БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин: “Бид Санамж бичиг-т тусгасан асуудлыг бодит ажил болгохын төлөө ажиллах болно” хэмээн өгүүлэв.
Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлттэй холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, стандарт, аргачлал боловсруулахын дээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалттай холбоотойгоор үүссэн байгаль орчны бохирдлыг судлах, бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Д.ЦЭЦЭН