өчигдрийн чуулган дээр нэгэн хуулийн төслөөс болж багагүй гомдол
маргаан өрнөлөө. Нэр бүхий долоон гишүүний санаачилж гурван сард өргөн
барьсан төслийг оруулаагүй хэрнээ хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан
НӨАТ-аас чөлөөлөх гурван ч хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулж ирсэн нь
ийнхүү гомдол гаргахад хүргэв. Энэ талаар зарим гишүүд “НӨАТ-ын хуулийн
төслийг Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад оруулалгүй, дарсан
байна. Засгийн Газрын зүгээс энэ хуулийг дэмжих боломжгүй гэдэг санал
өгч байна. Уг нь НӨАТ-ын хуульд зарчмын өөрчлөлт оруулчихбал 37 мянган
ААН-ийн эрх ашигтай холбоотой. Өнөөдөр НӨАТ төлж буй босго нь 10 сая
төгрөг байгаа. Үүнийг нь 200 сая болгох төсөл өргөн мэдүүлээд байтал
хэлэлцүүлэгт оруулж ирэхгүй байна” гэж гомдоллов.
Одоо хүчин
төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар
жилд 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэнд
НӨАТ ногдуулж байхаар заасан байгаа. Энэ хэмжээг зааж хуульчилж байсан
үеийн эдийн засаг, төсвийн цар хүрээ, татвар төлөгчдөд үзүүлэх татварын
дарамт, ачааллыг харгалзан тогтоосон энэхүү 10 сая төгрөгийн босго
хязгаар нь өнгөрөгч хугацаанд өсөн нэмэгдэж ирсэн инфляци, бараа
бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулан
авч үзэхэд жижиг аж ахуй нэгжүүдэд татварын дарамт бий болгох хэмжээнд
хүрчээ. Тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх
аж ахуйн нэгж, иргэн нь дунд, түүнээс дээш түвшний аж ахуй эрхлэгчид
хамаарч байсан бол өнөөгийн нөхцөлд багахан борлуулалт хийж, хөл дээрээ
тогтож амжилгүй НӨАТ-ын ачааллыг үүрч, энэ нь орлого өндөртэй аж ахуй
нэгжүүдээс илүү дарамтыг тэдэнд учруулж байгаа юм.
Өнгөрсөн оны
жилийн эцэст Татварын ерөнхий газрын гаргасан мэдээллээр улсын хэмжээнд
жилдээ 10 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 21470 аж ахуйн
82.2 тэрбум, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуйн нэгж 612.8 тэрбум,
харин 200 саяас дээш төгрөгийн орлоготой 5731 аж ахуйн нэгж 24.9 тэрбум
төгрөгийн борлуулалтын орлого төлсөн гэсэн дүн мэдээ гарсан байна.
Дээрх тоо баримтаас харахад 200.0 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж
ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36,1 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч
нийт борлуулалтын ердөө 2,4 хувийг бий болгож байна. Тиймээс нэмэгдсэн
өртгийн албан татвар төлөх босгыг өндөрсгөснөөр хувийн хэвшил, аж ахуй
эрхлэгчдэд үзүүлэх татварын дарамтыг бууруулж, санхүүгийн хувьд хөл
дээрээ босч үйл ажиллагаагаа тогтмолжуулах, цаашид тоомохон татвар
төлөгчид болж өсч дэвжих боломжийг нэмэгдүүлэх боломжтой аж. Мөн нийт
татварын орлогын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа аж ахуйн
нэгжүүдийг НӨАТ-т хамааралгүй болгоход татварын орлогын 97 хувийг
бүрдүүлж буй улсын төсвийн хүнд ачааг үүрч байгаа хэсэг хэвээрээ үлдэж
улсын төсвийн орлого бүрдүүлэлтэнд сөрөг нөлөөгүй гэж тооцож ч болох юм.
Яагаад НӨАТ-ын босгыг 10-аас дээш өсгөх төслийг дэмжихгүй
байгаа нь одоогоор ойлгомжгүй хэвээр. НӨАТ-ын босгыг өндөрлөх нь
ашиггүйд байна уу, өрсөлдөгч намын гишүүд нь өргөн барьсанд асуудал
байна уу.
Энэ талаар эдийн засагчдийн ямар байр суурь илэрхийлснийг сонирхвол,
-Сайн
муу тал аль аль нь л байна. 200 сая төгрөг хүртэл орлоготой компани
сайн дураар НӨАТ төлөгч байж болно гэвэл муу нөлөө нь багасна. Жижиг
дунд бизнесийн борлуулалт хурдсах тул ашгийн татвар нэмэгдэж төсөвт
сайнаар нөлөөлнө.
-НӨАТ-ийн
татварын хязгаарыг нэмсэнээр манай далд эдийн засгийг ил болгоход чухал
үүрэг гүйцэтгэнэ. Гадаад орчин төдийлөн таатай бус, дэлхийн зах зээл
дээр сөрөг үр дүнгүүд ажиглагдаж, түүхий эдийн үнэ унаж байна. Ийм
нөхцөлд улс орны амьдрах чадвар нь эдийн засгийн цогц байдал, тэнд
оролцож байгаа аж ахуй нэгжүүдийн бүтэцээс ихээхэн хамаарна.
-Монголд
10.0 сая хүртэл борлуулалттай компаниуд энэ татварыг төлдөггүй учир
компани бүр жижиг байх сонирхолтой болж байна. Далд эдийн засгийг ил
гаргах биш, улам томруулан дэмжиж байгаа нь НӨТ-ийн хамгийн гол зорилгыг
нь утгагүй болгоод байна.