Чуулганыг 14 хоногийн хугацаатай завсарлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Чуулганыг 14 хоногийн хугацаатай завсарлууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад сайд нараас сонирхсон асуултдаа хариулт авч дууссанаар энэ өдрийн хуралдааныг өндөрлүүллээ.

УИХ-ын дарга хуралдааны төгсгөлд УИХ-ыг 14 хоног завсарлуулах захирамж гаргасныг тэмдэглээд, энэ хугацаанд гишүүд орон нутагт ажиллахдаа УИХ-аас баталсан хийгээд хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн талаар иргэд, сонгогчдод сурталчлах ёстойг сануулсан юм. Уг Захирамжаар УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 13, 14, 20, 21-ний өдрүүдийн нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар тогтсон байна.

Чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс Монгол Улсын татварын орлого юунаас болж тасарсан, хүүхдээ асарч байгаа эмэгтэйчүүдэд тэтгэмж олгох асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгийг буруу мэдээллээс болж барьж хорьсон юм биш үү гэх олон асуудлын хүрээнд цөөнхийн гишүүд асуулт тавьж зарим тайлбар хариулт авлаа.

Тухайлбал, татварын орлого буурсан тухайд, татварын орлого буурахад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унасантай холбоотой болохыг Сангийн сайд Ч.Улаан онцоллоо. Монгол Улсын 2013 оны төсөвт нэг тонн зэсийг 8200 ам.доллар байхаар тооцож тусгасан ч ханш унаж 7642 ам.доллар болсон. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 234 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн юм байна. Нүүрсний хэрэглээ мөн буурсан, өнгөрсөн жилийн нүүрсний экспорттой харьцуулахад өнөө жилийнх 18 мянган тонн орчмоор буурсан үзүүлэлт харагддаг. Энэ бүхэн бол өнгөрсөн таван сарын дүн мэдээгээр гарч буй үзүүлэлт. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн тухайд 2.1 тэрбум төгрөгийнх хүлээгдэж байгаа. Бусад хөрөнгө оруулалтын санхүүжилт олгогдсон дүнтэй юм байна.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Авлигатай тэмцэх ажил эрчимжиж тодорхой арга хэмжээ авч байгааг иргэд ойлгож байгаа. Төрийн албыг авлигаас ангид байлгаж чадвал улс орон хөгжих юм байна гэдэг ойлголтыг ч иргэд авсан. Гэхдээ зарим хууль хяналтын байгууллага авлигатай тэмцэх нэрийн дор бусдыг хэлмэгдүүлж байж мэдэхээр байна. Цагдаагийн байгууллагаас батлагдаж нотлогдоогүй мэдээллээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийдэг. Мэдээлэл хийж байгаа хойно түүнийг хэвлэлүүд бичих нь тодорхой. Гэтэл гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нь арван оронтой тоог уншиж мэдэхгүй, цэг таслал андуурснаас болж бусдыг хэлмэгдүүлж шоронд хорьсон байвал яах вэ. Ерөнхий сайд таны эрх мэдлийн хүрээнд Цагдаагийн байгууллага харьяалагддаг. Тэр хэлээд байгаа мөнгөн дүн нь төгрөг үү, доллар уу гэдгийг чуулганыг завсарлуулахаас өмнө холбогдох хүмүүсээс нь асууж тодруулаад өгөхгүй юм уу. Хэрвээ андуу ташаа зүйл болсон бол уучлал гуйгаад 1 цагийн өмнө ч болов тэр хүнийг суллах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн хүүхдээ харж байгаа эхчүүд, олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлд Засгийн газар ямар байр суурь баримталж байгаад тодорхой хариулт өгөхийг хүссэн юм. Түүнчлэн Засгийн газраас саяхан баталсан жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэзээнээс эхэлж иргэдэд олгох гэж байгаад хариулт өгөөч” гэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 0-2 нас хүртэл нь сар тутамд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг олгох шаардлага бий. Одоо бол хүүхдээ 0-5 сар хүртэл асарсны тэтгэмж олгодог. Сарын тэтгэмжийн хэмжээ 40 мянган төгрөг. Энэхүү тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Эхчүүдэд хүүхдээ асарсны тэтгэмж, бусад тэтгэлгийн талаарх бүх тооцоог Засгийн газар хийгээд явж байна. Тодорхой болсон нөхцөлд шийдвэр гаргана” гэлээ. Харин О.Эрдэнэсолонгыг хорьсон асуудалд тодорхой тайлбар хийсэнгүй, энэ асуудалд хариу өгөхийг Д.Оюунхорол гишүүн дахин илэрхийлэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Чуулганы танхимд хэрэг ярьдаггүй. Ц.Нямдорж гишүүн энэ тухай их сайн мэднэ. Түүнээс асуу” гэсэн хариу тайлбар хийсэн юм. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөж гишүүд 14 хоногийн хугацаатайгаар хууль сурталчлах томилолт өвөртлөн орон нутгийг зорих болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж