– МУ-ын ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд Баруун-Урт суманд 12000 гаруй иргэд саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Баруун-Урт сумын 9 багт 9 хэсгийн хороо байгуулагдан ажиллаж байна. Иргэд сонгогчдын хувьд багийн харъяаллын дагуу хэсгийн хороон дээрээ очиж сонгогчдын нэрсийн жагсаалттай танилцах явц хангалтгүй байгаа ажээ. Аймгийн сонгуулийн хорооноос энэ сарын 8-наас эхлэн хэсгийн хороодоор дамжуулан сонгуулийн насны иргэдэд сонгогчийн урилгыг хүргүүлнэ.
– Жил бүрийн 6-р сарын хоёр дахь долоо хоногийн аль нэг өдрийг сонгон Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тэмдэглэдэг. Энэхүү өдрөөр энэ онд шалгалтанд ороогүй "Эхэн-Ус" эмнэлэг, "Тэмүүлэл" цогцолбор сургуульд баг бүрэлдэхүүнээрээ зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.
– Аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 9 хүн эрүүлжүүлэгджээ. Үүний хоёр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тав нь ар гэртээ агсан тавьж дуудлагаар иржээ. Цагдаагийн байгууллагаас архидан согтуурах байдлыг бууруулах зорилгоор архидалт, согтуу жолооч зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
-Баяндэлгэр суманд баригдах 24 айлын эко орон сууцны барилгын ажил эхэлжээ. Орчин үеийн стандартын шаардлага хангасан тохилог орон сууц 8-р сарын сүүлээр ашиглалтанд орно. Одоогийн байдлаар 16 айл захиалгаа өгч урьдчилгаа 30 хувиа төлжээ.
– Баяндэлгэр сум бүтээн байгуулалтын ажлаа хэдийн эхэлжээ. Одоогийн байдлаар хашаагаа тэгшитгэх ажил хийгдэж иргэд сум орныхоо хөгжил цэцэглэлтийг дэмжиж өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Аймаг орон нутгаасаа үлгэр дууриал авч сумд ч жишиг болох зорилт тавин их бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орлоо.