Энэ хуралдаанд Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн учраас УИХ-ын гишүүд сэдэв харгалзахгүй Ерөнхий сайдад хандан асуулт тавьж болох аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийг 500 шахам тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсанд тодорхой тайлбар хийхийг хүссэн юм.
Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил явж байгаа үед энэ их мөнгөтэй холбоотой асуудал гарч ирсэн нь зөвхөн нэг хүний асуудал биш болж хувирч байна. Бидэнд байгаа мэдээллээр бол О.Эрдэнэсолонгыг баривчлах үеэр хэд, хэдэн хуулийг ноцтой зөрчсөн байгаа. Дээр нь төгрөгийг доллар хэмээн андуурсан байх магадлал байна. Энэ талаар Ерөнхий сайд та ямар мэдээлэлтэй байна вэ. Тодорхой мэдээлэлгүй бол та Хууль зүйн сайдаа дууд, Монголбанкныханыг урь. Гэм зэмгүй хүнийг буруу мэдээлэлд үндэслээд шоронд хийчихэж байгаа юм биш үү. Олон нийтэд зөв мэдээлэл өгөөч ээ” гэсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүнд “Өчигдөр би Сэлэнгэ аймагт ажилласан, өнөөдөр Улаанбаатар хотод ирсэн. Хэн мэддэг юм, би мэдэхгүй юм байна. Мэддэг хүнийг нь дуудчихгүй юу” гэв. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бичилтийн алдаа гарсан гэдэг мэдээлэл байна. Төв банкны зүгээс энэ талаар тодорхой тайлбарыг Цагдаагийн ерөнхий газарт бичгээр хүргүүлсэн гэх. Энэ талаар тодорхой тайлбар өгөх бололцоо байна уу” гэхэд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Яваад иртэл ийм юм болчихсон байсан. Ийм асуудлыг чуулганы хуралдаан дээр ярьдаг ч юм уу, үгүй ч юм уу. Асуудаг газраасаа асуу, тодруулдаг газраа тодруул. Тал талдаа хичээж ажиллацгаа” гэлээ.