Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхийг харсаар бараг нэг цагийн дараа эхэллээ.

Эл хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эхний мэдээлэл нь Улсын их баяр наадамд хэдий хэмжээний зардал гаргахаар төлөвлөсөн, 50 тэрбумын тухай зардал нь юутай холбоотой болох тухай тодруулсан юм. Ерөнхий сайдын тайлбарласнаар Засгийн газрын хуралдаанаар Улсын их баяр наадмын зардлыг батална. Урьдчилан төлөвлөснөөр энэ жилийн Улсын их баяр наадмын зардал 1.6-1.7 тэрбум төгрөгөөр батлагдах тооцоолол бий аж.

"Улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зардлын эх үүсвэрийг тодорхой байдлаар бүрдүүлж ирсэн. Тухайлбал, нийслэлийн төсөвт тодорхой хөрөнгө байдаг, энэ жилийн хувьд 380 сая төгрөг байгаа. Наадамчдад тасалбар зараад 300-400 сая төгрөг олдог. Энэ мөнгийг наадмын зардал болгож гаргана. Дээр нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс үлдсэн зардлыг гаргана, үүгээр 600-700 сая төгрөг гаргах урьдчилсан тооцоо гаргасан. Ингээд тооцохоор 1.6-1.7 тэрбум төгрөгт хүрэх боломжтой. Харин 50 тэрбум төгрөгийг наадамд зарцуулна гэх ярианы тухайд үндэслэлгүй. Улаанбаатар хотын төвшинд Хүй долоон худгийг хэрхэн өөрчилж наадам үзэх боломжтой болгох талаар ойрын дөрвөн жилд хийх ажлын төлөвлөгөөг гаргахад 50 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Түүгээр Хүй долоон худагт гурван төрлийн бүтээн байгуулалтын ажил хийнэ" гэсэн тайлбарыг Ерөнхий сайд хийлээ.

Тухайлбал, Хүй долоон худагаас Дарханы зам хүртэл найман км зам тавих аж. Мөн Хүй долоон худагт Сүхбаатарын талбайгаас хоёр дахин хэмжээтэй талбай цардана. Энэ нь арилжаа наймаа, хоолны үйлчилгээ эрхлэхэд эрүүл ахуйн орчин бий болгох зорилготой. Жил бүр энэхүү талбайн хэмжээг нэмэгдүүлж цардана. Түүнчлэн Хүй долоон худагт 4000 орчим авто машины зогсоол, 3000 хүний суудал барина. Боловсон 250 бие засах газар, 200 ширхэг хогийн сав байгуулахаар төлөвлөжээ. Нийт зардал 14.6 тэрбумд хүрнэ. Жил бүр энэ мэтээр бүтээн байгуулалтын ажил хийхээр ирэх дөрвөн жилд зардал 50 тэрбум төгрөгт хүрэх аж.  

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж