ирээд буй мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал
өчигдөр нутгийн хүчтэнүүд болох Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний
бөхчүүдтэйгээ уулзжээ.
Хакухо аварга нутгийн бөхчүүддээ удахгүй
болох үндэсний их баяр наадамд амжилтаа ахиулахыг ерөөж, баяр наадмын
бэлтгэл сургуулилтад нь зориулан “Дүнжингарав” дэвжээний хүчтэнүүдэд
хандив өргөсөн байна. Бөхчүүдийн уулзалт Хакухо аваргын аав, дархан
аварга Ж.Мөнхбатын санаачлан байгуулсан Их шавийн дээд сургууль дээр
болж, энэ үеэр 64 бөхийн барилдаан болжээ. Барилдаанд улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, аймгийн хурц арслан Ч.Батчулуун үзүүрлэн, их шөвөгт улсын начин Б.Батмөнх, аймгийн арслан Г.Ганжад нар шалгарч үлдсэн байна.
Хакухо аварга цаашид "Дүнжингарав" дэвжээний бөхчүүдийг дэмжиж, бэлтгэл сургуулилтад нь туслахаа илэрхийлсэн бол тус дэвжээнийхэн ч нутгийнхаа аваргатай хамтарч, бөхийн спортын хөгжилд хувь нэмэр оруулах олон ажил зохион байгуулахаар ярилцжээ. Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, DDishTV компанийн захирал Д.Ганболд "Дүнжингарав" дэвжээний бөхчүүдэд хандив өргөж, бэлтгэл сургуулилтад нь амжилт хүссан байна.
Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний хүчтэнүүд энэ сарын 15-наас наадмын бэлтгэлдээ гарах юм байна. Харин Их аварга Хакухо маргааш Япон руу буцах юм.
Б.ЭНХ