Тэтгэлгээр суралцагсдын тоо нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Тэтгэлгээр суралцагсдын тоо нэмэгдэнэ

-"Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам"-ыг шинэчилснээр Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагсдын тоо нэмэгдэнэ-   
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуулиудад  суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор  зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд байгаа билээ. Энэ нь дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх явдал юм.

Нэг талаараа энэ нь Гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмших хүсэл, сонирхолтой залууст урам зориг, итгэл өглөө хэмээн иргэд талархаж байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс эхэлж БШУЯ-нд хандагсдын дийлэнх нь дээрх асуудлаар тодруулбал дэлхийн шилдэг сургуульд сурахад  яаж, ямар шалгуураар хамрагдах вэ, шилдэг 100 сургуулийн жагсаалтад ямар сургууль багтах вэ, эрэлттэй мэргэжлийг нэрлэнэ үү,  СТС-ийн санхүүжилт гэдэг нь буцалтгүй тусламж уу, гадаадад суралцаж байгаа оюутнууд дээрх сургуульд шилжин суралцах боломж бий юу гэсэн олон асуулт ирүүлээд байгаа юм. Үүнд хариулт өгөхөөр дараах мэдээллийг бэлтгэлээ.

Дээрх чиглэлийн дагуу "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам"-ыг БШУЯ-наас  шинэчлэн боловсруулж байна.

Энэхүү журмын төсөлд  тусгагдснаар дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчдад мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох.  Харин  21-100-д багтсан сургуульд суралцахаар болбол Монгол Улсын Засгийн газраас зарласан эрэлттэй  мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүжилт олгохоор заажээ.

Сургуулиудыг дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Таймс /Томсон Ройтерс/-ын жагсаалтыг баримтлахаар сонгосон байна. Мөн журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх  бөгөөд журмын төсөлд Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн мэргэжлийн чиглэл, суралцах хүний тоог  тогтоохоор тусгажээ. Түүнчлэн тухайн жилд дэлхийн шилдэг их сургуулиудад СТС-ийн санхүүжилтээр суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны зургадугаар сард, суралцах хүний тоог тухайн оны хоёрдугаар сард  багтаан яамны вэб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах, СТС-ийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахыг хүсэгчдийг жилд 2 удаа бүртгэхээр оруулсан байна. Мөн СТС-ийн санхүүжилтээр суралцагч нь 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа тохиолдолд санхүүжилтыг үргэлжлүүлэн олгох, төгсөөд эх орондоо 5-с дээш жил үр бүтээлтэй ажиллах зэргээр тэтгэлэгт хамрагдахад  тавигдах шаардлага, бүртгэл, бүртгүүлэх бичиг баримт, сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах,  олгох тэтгэлэгийн тоо хамрагдах мэргэжлийн чиглэл зэрэг олон асуудлыг уг журмаар зохицуулах  юм.

Журмын төслийг яамуудад танилцуулан санал авч р Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна.  Уг журам засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлагдсны дараа хэрэгжиж эхэлнэ.

Өнөөдрийн байдлаар математик, хими, физик, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1-3 дугаар байрт шалгарсан болон эдгээр чиглэлээр Монгол Улсаа олон улсад төлөөлж олон улсын олимпиадад оролцсон сурагчдаас  24 хүн  Таймс /Томсон Ройтерс/-ын жагсаалтад инженер технологийн чиглэлээр шилдэг 50-д багтсан их сургуульд СТС-ийн санхүүжилтээр суралцаж байна. Дэлхийн шилдэг сургуульд суралцуулах тэтгэлэгийн санхүүжилтэд зориулж Сургалтын төрийн сангийн төсөвт 2013 онд 1,5 тэрбум төгрөг тусгагджээ. Судалгаанаас үзэхэд эдгээр сургуулийн сургалтын төлбөр болон оюутны амьжиргааны зардал нэг хичээлийн жилд дунджаар  40-50 мянган ам.доллар байх бөгөөд журам шинэчлэн баталснаар хамрах хүрээ өргөжиж жилд 50 хүртэл оюутанд тэтгэлэг олгоно гэж тооцоход 2013 онд 1,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах тооцоо гарч байгаа юм.   

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр  дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам"-ыг шинэчлэн баталснаар энэхүү журмын дагуу тэтгэлэгтэй суралцах боломжтой сургуулийн тоо дахин нэмэгдэх бөгөөд зөвхөн тодорхой чиглэлийн улсын болон олон улсын олимпиадын амжилтыг харгалзан тэтгэлэгт хамрагдах эрх олгож байсан хязгаарлалт тавигдаж  суралцагч  өөрийн сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжийг олгож байгаа юм.  

Монгол Улсын Засгийн газраас нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаанд  үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлсон.   Элсэлтийн шалгалтаа өгч, ажил, амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа залуустаа зориулан хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг танилцуулж байна.

  1. Авто замын барилга
  2. Бага ангийн багш
  3. Сургуулийн өмнөх боловсролын багш
  4. Байгалийн ухааны чиглэлийн багш
  5. Геологи
  6. Гидрогеологи
  7. Тидромеханик инженер
  8. Усны нөөц, экологи
  9. Уул уурхайн ашиглалтын технологи
  10. Уул уурхайн машин тоног, төхөөрөмж
  11. Малын эмч
  12. Мэдээллийн систем
  13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
  14. Сантехник, инженерийн байгууламж
  15. Сэргээгдэх эрчим хүч
  16. Нано инженерчлэл
  17. Биотехнологи
  18. Цөмийн эрчим хүч
  19. Онош зүй
  20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал
Шилдэг сургуулийн нэрсийн жагсаалтыг дараах линкээр орж харна уу.

www.meds.gov.mn

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж