“Нойрсож буй гүнж” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хамгийн урт бүжгэн жүжигт тооцогддог алдарт бүтээл нь юм. Завсарлагуудыг тооцохгүй бол гурван цаг шахам үргэлжилдэг гурван үзэгдэл бүхий энэхүү бүжгэн жүжиг балетчидаас гарамгай техник, тэсвэр хатуужлыг гойд ихээр шаарддаг бөгөөд манай тайзнаа анх 1990 онд нээлтээ хийн өнөөдрийг хүртэл үе үеийн шилдэг гоцлоочдын чадварыг илтгэн амилсаар байгаа билээ.
Харин нөгөөдөр буюу ням гаригт Ж.Вердийн “Трубадур” дуурь амилна. Дэлхийн шилдэг таван дуурийн нэг болох “Трубадур” дуурийг Ж.Верди Испанийн зохиолч Antonio Garcia-гийн “El Trovador” гэх эмгэнэлт зохиолоос сэдэвлэн зохиосон гэдэг. Salvatore Cammarano либреттог нь бичсэн энэ дуурийг Ж.Верди 1852 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 29-ний хооронд ердөө 30 хүрэхгүй хоногийн дотор бичиж дуусгасан аж. Анх Ж.Верди “Трубадур” дууриа цыган эмэгтэй Азученагийн нэрээр нэрлэх гэж байжээ. Тэгээд сүүлдээ хөгжимчин залуу Манрикогийн дүр Азученагийнхээс илүүтэй тодорч ирсэн тул түүгээр “Трубадур” гэж нэрлэсэн байна. Дуурийн үйл явдал 15 дугаар зуунд Испанид өрнөдөг бөгөөд иргэний дайн, гүн нууц, хайр сэтгэл, үзэн ядалт, өшөө хорсол бүхэн энэ дуурьд багтсан. Манрико, гүнтэн ди Луна нар ах дүү хэдий ч үүнийгээ мэддэггүй. Тэднийг нялх балчирт нь салгасан байлаа. Тэд Леонора гэх нэгэн эмэгтэйд зэрэг сэтгэл алдарч, эх орон, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцдэг. Хөгшин цыган эмэгтэй Азучена хоёр хүүгийн аавд эхийгээ хөнөөлгөсөн өшөөг авахаар бяцхан хүү Манриког багад нь хулгайлж, өөрөө өсгөж хүмүүжүүлдэг. Тэгээд эцэст нь ахынх нь гараар Манриког хөнөөлгөж өшөө хорслоо авна. Цаазаар авах тушаал өгсний дараа цыган эмгэн “Чи дөнгөж сая төрсөн дүүгээ хөнөөчихлөө” гэж ди Лунад хэлснээр дуурь төгсөнө.
Энэ удаад уг дуурийн гол дүр Ди Лунад Ч.Энхтайван, Леонорад Б.Эрдэнэтуяа, Азучена Р.Доржхорлоо, Манрикод Д.Эрдэнэ-Очир, Феррандо Ж.Бямбажав, Инест Д.Туяа, Рюицид М.Даваадорж, өвгөн цыганд Э.Бумхүү нар гоцлох нь ээ.