ОУВС Грекийн асуудалд алдаа гаргаснаа зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

ОУВС Грекийн асуудалд алдаа гаргаснаа зөвшөөрөв

Олон улсын валютын сан (ОУВС) 
Грекийг  өрийн хямралаас аврах явцад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв.
Грект 2010-2012 онд тусалсан хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн талаарх
тайлан илтгэлд энэ тухай өгүүлсэн байна.

ОУВС-гийн
шинжээчдийн дүгнэснээр тус сангийнхан эхлээд хямралын цар хүрээг дутуу
үнэлсэн байна. Тус сангаас 2010 оноос эхлэн Грекийг өрийн хямралаас
гаргахаар тус улсад санхүүгийн тусламж олгож эхэлсэн бөгөөд өрийн
бүтцийг өөрчлөх ажлыг эхлүүлэхдээ хувийн хөрөнгө оруулагчдаас тусламж
авах ёстой байсан гэж шинжээчид дүгнэжээ.

ОУВС-гийн илтгэлд
тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил ерөнхийдөө амжилттай болсныг
тэмдэглэв. Үүний үр дүнд Грек евро бүсэд үлдэж чадсанаас гадна ирээдүйд
дахин ийм өрийн хямрал гаргуулахгүй байх хамгаалалтын механизмыг бий
болгоход нь тус болсон гэнэ.

Еврокомиссийн төлөөлөгч Саймон
О"Коннор (Simon O"Connor) “Грект тусалсан хөтөлбөрүүдийн хүрээнд Европын
холбоо уучлал гуйхаар зүйл” хийгээгүй хэмээн мэдэгдэв. Еврокомисс  нь
Грекийн өрийн бүтцийн өөрчлөлтийг 2011 онд биш өмнөх жилээс нь эхлэх
ёстой байсан гэх ОУВС-тай санал нийлэхгүй гэдгийг тэр хэлжээ.

Европын
өрийн хямралын эхний хохирогч нь Грек болсон юм. Тус улсын өрийн хэмжээ
нь дотоодын нийт бүтээгдэхүүний 200 хувьтай тэнцэж, Грек эдийн засгийн
шинэчлэл хийхийг зөвшөөрсөн учраас Европын холбоо, ОУВС-гаас 2010 онд
тус улсад 110 тэрбум еврогийн тусламжийн зээл олгохыг зөвшөөрсөн билээ.
Гэвч тэр тусламж хангалтгүй байсан бөгөөд 2012 оны хавар дахин 130
тэрбум еврогийн зээлийн шинэ шугам нээсэн юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж