Ц.Баярсайхан: Энэ сардаа зээлээ авч болно

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Ц.Баярсайхан: Энэ сардаа зээлээ авч болно

Ц.Баярсайхан: Орон сууцаа сонгоод, урьдчилгаагаа бэлтгэчихсэн бол энэ сардаа зээлээ авч болно

Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлого барьж, жилийн найман хувийн хүүтэй зээл өгөхөөр болоод байгаа. Зээлийн журам ерөнхийдөө батлагдсан бөгөөд тун удахгүй иргэд зээлээ
аваад эхлэх аж. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай
ярилцлаа.


-Орон сууцны зээлийн ерөнхий журмыг Засгийн газар баталсан. Энэ
журмаар иргэд ямар шаардлага хангасан орон сууцыг урт хугацааны зээлээр
авах боломжтой болсон бэ?


-“Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний
тухай” Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолоор өгөгдсөн чиглэлийн
дагуу манай  яамны зүгээс “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий
нөхцлийг тогтоох журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг
боловсруулсан. Улмаар  Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 30-ны
өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, гишүүдийн дэмжлэгийг аваад байна. Дээрх
шийдвэрийн дагуу  бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай
бүхий шинэ орон сууц эсвэл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч
байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, дэд бүтцэд бүрэн
холбогдсон, ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг энэхүү зээлээр худалдаж
авах боломжтой.

-Энэ удаагийн зээлийн хувьд төрийн албан хаагч эсвэл анх удаа
орон сууц авч байгаа гэх мэт шалгуур тавиагүйгээрээ онцлогтой. Ер нь
орон сууцтай болох зорилготой бүх иргэдэд боломж байна гэж ойлгож болох
уу?


-Болно. Энэхүү журмаар өрхийн гишүүний аль нэг нь Засгийн
газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг
орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн
зээлийн үлдэгдэлгүй. Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
(хуучнаар), Сангийн сайд, нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108
дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн зургаан
хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг
зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн
үлдэгдэлгүй байх гэсэн шалгуурыг л тавьж байгаа.

-Найман хувийн хүүтэй зээлийг бүх банкаар олгохоор болсон гэсэн үү?

-Засгийн газраас гаргасан журмаар олгох ипотекийн зээлийг Монголбанкнаас
тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал байлгах нөөцийн
шаардлагыг ханган ажиллаж байгаа арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

-Урьдчилгаа худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 10 эсвэл   30 хувь байх уу гэдэг нь иргэдийн орлогоос хамаарах юм уу?


-Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн
дүнгийн 10-30 хүртэлх хувь байна. Монголбанкнаас тогтоосон урьдчилгаа
төлбөрийн хувь хэмжээнээс бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх
зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийн бодлогыг Засгийн газар тодорхойлж,
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

-Урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь гэж тогтоохоор банк заавал 30
хувийн урьдчилгаа авах гээд байдаг. Энэ асуудлыг яах вэ. Зорилтот бүлэгт
үзүүлэх хөнгөлөлт гэдгээ тодруулбал?


-10-30 гэж журманд заасан. Гэхдээ банкны өөрийнх нь тавих
шалгуур гэж бас байх ёстой. Үндсэндээ банк зохистой харьцаагаа
зохицуулах хэрэгтэй шүү дээ. Тэр утгаараа банк 30 хувийн урьдчилгаа гэж
шаардаж байгаа юм. 10 хувь гэдэг дээр Засгийн газар бодлогын баримт
бичиг гаргана гэдгийг түрүүнд хэлсэн. Өнөөдөр 30 хувиа төлөөд орох залуу
гэр бүл хэд байгаа билээ. Гэр бүлийн хоёр зэрэг ажиллаж байгаа мөртлөө
30 хувийн урьдчилгаа өгч чадахгүй  айл олон бий. Тиймээс бид 10 хувийг
тухай гэр бүлээс гаргаад, банкны тавьж байгаа шалгуурт хүргэж,
урьдчилгааг 30 болгохын тулд “Орон сууц хөгжүүлэх сан”-гаас дэмжлэг
үзүүлэх асуудлыг ярилцаж байна.

Үндсэндээ Засгийн газар залуу гэр бүлээ орон сууцтай болгох тал дээр
илүү анхаарах юм. Гэхдээ энэ асуудлыг бид янз бүрийн хэлбэрээр ярьж
байгаа. Зөвхөн урьдчилгааны асуудал дээр дэмжлэг үзүүлээд зогсохгүй
түрээсийн болон амины орон сууц зэрэг үе шаттайгаар хэрэгжүүлэх
хөтөлбөрийг боловсруулж байгаа. Үндсэндээ залуу гэр бүл орон сууцны
зээлийн урьдчилгаа төлбөрөө хуримтлуултал түрээсийн орон сууцанд амьдарч
байх юм.

Энэ мэтээр янз бүрийн аргаар иргэдээ орон сууцжуулахаар хөтөлбөр
боловсруулж байгаа. Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Хө­төлбөрийг
боловсруулаад гаргаад ирэ­хээр ямар хүнд 10 хувийн урьдчилгаатай зээл
олгоод, Засгийн газраас дэмжих гэдэг журам нь гарах юм. Ерөнхийдөө журам
нэгэнт 10-30 хувийн урьдчилгаа авна гээд гарчихсан учир банк зээл авах
иргэнээс хэдэн хувийн урьдчилгаа авах нь тэдний асуудал. Бид бол залуу
гэр бүл, өндөр настан, бага дунд орлоготой иргэдээ яаж дэмжих вэ гэдэг
бодлогоо үе шаттайгаар гаргаад явчихна.

-Өрхийн нэг гишүүн нь ажил хийдэг бол энэ зээлд хамрагдах боломжтой юу?

-Зээлдэгчийн сард төлөх зээлийн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн
өрхийн нэг сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар журамд тусгасан.
Энэхүү нөхцлийг хангаж байгаа бол болно. Ерөнхийдөө орлогын хэмжээ ямар
байх энэ тэрийг банк мэднэ. Банк эрсдлийг чинь бүрэн хариуцна. Энэ
асуудалд яам оролцохгүй. Банк ямар орлоготой хүнд, хэчнээн сая төгрөгийн
зээл олгохоо шийдвэрлээд л явчихна.

-Баталгаажсан гэр бүл зээлд хамрагдах боломжтой гэж журамд
заасан байгаа. Тэгвэл аав, охин хоёр ч юм уу, бусад байдлаар хоёр хүн
хамтраад зээл авах боломжтой юу?


-Энэ асуудлыг зайлшгүй ярих ёстой. Засгийн газар дээр ч энэ
асуудлыг ярьсан юм. Үнэхээр аав хүү хоёр нийлээд орон сууцны зээл авъя
гэвэл чөлөөтэй. Аав нь хэдийгээр орон сууцтай, хүүтэйгээ хамтран
эзэмшигч байсан ч гэсэн авч болохгүй гэсэн юм байхгүй. Журамд ерөнхийд
нь чөлөөтэй заагаад өгчихсөн байгаа. Гэхдээ бэлэн болсон байр авна.
Харин аав нь өмнөөс нь урьдчилгаа хийж өгөх, хамтран төлөгчөөр зээл авах
эрхүүд бүгд нээлттэй гэж ойлгож болно. Харин баталгаажсан гэр бүлийн
хоёр байлаа гэж бодъё. Нөхрийнх нь нэр дээр нэг байртай байвал эхнэр нь
өөрийнхөө нэр дээр орон сууц худалдаж авахыг хязгаарлаж байгаа.  

Яагаад гэвэл баталгаатай гэр бүл хиймлээр салах тохиолдол гарах вий гэж
эмээсэн хэрэг. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдах гээд энэ мэтээр
сөрөг үйлдэл хийж магадгүй. Тиймээс үүнээс сэргийлсэн заалтуудыг оруулж
өгч байгаа юм. Банк энэ асуудалд бас шалгуураа тавьж өгөх учиртай. Энэ
хөтөлбөр удаан хугацаанд хэрэгжих учраас эерэг, сөрөг талыг нь зэрэг
харах гэж хичээж байна.

-Найм дээр нэмэх, хасах нэг хувийн хүү гэж яриад байгаа. Үүн
дээр тодорхой ойлголт өгөөч. Хүмүүс найман хувийн зээл авчихаад, тэр нь
хэдийн жилийн дараа ес, эсвэл долоо болно гэж ойлгоод байх шиг байна?

-Үүнийг журмын төсөлд нэлээд тодорхой оруулж өгсөн байгаа. Иргэн 
банктай гэрээ хийгээд, найман хувийн хүүгээр зээл авчихлаа.  Тиймээс 20
жилийн хугацаанд найман хувийн хүүгээ л төлнө. Ямар нөхцөлд долоо, ес
болох вэ гэдэг учиртай. Ха­гас жил тутамд Монголбанк инфляцийнхаа
төвшинг өөрчилдөг.

Тэр үед инфляци буураад, таа­тай нөхцөл бүрдээд ирэх юм бол тэр үед зээл
авсан хүмүүс долоон хувийн хүүтэйгээр зээлд хамрагдах боломжтой. Тэгээд
20 жилийн турш долоон хувийн хүүгээ л төлнө. Хэрвээ инфляци өсөлттэй
гарвал есөн хувь болох юм. Түүнээс биш найман хувийн хүүтэй зээл
авчихаад, дараа нь долоо, ес болоод хэлбэлзэх юм биш.

-Эхний ээлжинд хэдэн өрхөд зээл олгох боломжтой вэ. Тийм баримжаа, тооцоо гарсан уу?

-Энэ тоог гаргах боломж байхгүй. Учир нь урьдчилгаа 10 хувиа
бэлтгэчихсэн хүмүүс хэд байгаа нь мэдэгдэхгүй байна. Бид­ний тооцоогоор
орон даяар энэ онд 28 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орно.
Тэгэхээр ийм тооны айл орон сууцанд орох боломжтой гэсэн үг. Иргэд
сонголтоо хийгээд ямар компаниас, хэдэн мкв талбайтай орон сууц авах
сонголтоо хийгээд банктайгаа гэрээ байгуулна.

-Хуучин орон сууц бас авч болно гэж журамласан байна лээ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Байр эзэмшигчтэйгээ тохиролцоод доод тал нь арван хувийн урьдчилгаагаа
төлөөд зээлжих эрх нь үүснэ. Үүнээс цааших нь банк­ны зохицуулалтаараа
явна гэсэн үг. Банкны зээл яаж олгогддог вэ тэр журмаар л явна.
 
-Журам ерөнхийдөө гарчихлаа. Тэгвэл урьдчилгаа төлбөртэй, банкны
шалгуурыг хангаж байгаа иргэд хэзээнээс зээлээ авах боломжтой вэ?


-Иргэд худалдан авах орон сууцаа сонгоод, урьдчилгаа төлбөрөө
бэлдчихсэн тохиолдолд энэ сардаа багтаж зээлээ авч болно. Хэдэн
төгрөгийн үнэтэй байх авч байгаа тохиолдолд орлого хэд байх, хэдэн
хувийн урьдчилгаа төлөх гэх мэт нарийн асуудлыг зээл авах хүсэлт
гаргасан банкнаасаа авах боломжтой.

-Арилжааны банкуудад орон сууцны зээл олгохтой холбоотойгоор мөнгө хуваарилж өгөх юм уу?

-Энэ оны  нэгдүгээр са­рын 9-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайд,
Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар “Барилгын салбарын
дэм­жих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг
баталсан. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын
үнийг тогтворжуулах болон Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны
тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтож,
нийт 1179.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Чингис” бондоос гаргахаар
шийдвэрлэсэн.

Дээрх хөрөнгөөс орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд эхний ээлжинд
800 тэрбум төгрөгийг зарцуулна. Монголбанк арилжааны банкуудад гэрээний
дагуу зээлийн санхүүжилтийг байршуулна. Арилжааны банкууд иргэдтэй
гэрээ байгуулж, боломжтой зээлийг нь олгоод явах юм.

-Өмнө нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авсан иргэд найман
хувийн хүүтэй зээл олгогдож эхэлснээс хойш долоон сарын дараа бага
хүүтэй зээлд шилжих боломж байгаа гэсэн үү?


-Өмнө нь зээл авсан иргэд хохирох ёсгүй. Тиймээс асуудлаа
банкиндаа тавиад зохицуулалт хийлгэх боломжтой. Гэхдээ банктай хэдэн
жилийн ямар гэрээ хийгдсэн вэ, банк яаж зохицуулах боломжтойгоо тооцож
үзнэ. Түүнээс шууд найман хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжгүй.
Ерөнхий журмыг дагалдсан журам гарч байж энэ нөхцөлд зохицуулалт
хийгдэнэ. Тиймээс долоон сар гэдэг хугацааг зааж өг­сөн.

                                                                                                                Н.БОЛД
                                                         Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин


Орон сууцны Ипотекийн зээлийн ерөнхий нөхцлийг тогтоох журам

Ипотекийн зээлийн ерөнхий журмын арилжааны банкуудад хүргүүлсэн хувилбарыг танилцуулж байна. Харин энэ долоо хоногт Монголбанкнаас нарийвчилсан журам гарах юм байна.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.
Энэ журмын зорилго нь Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны
өдрийн 135 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын иргэд /цаашид
“Зээлдэгч” гэх/-д олгох орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцлийг
тогтооход оршино.

1.2. Энэ журмаар олгох ипотекийн зээлийг
Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал
байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж байгаа банкаар дамжуулан
олгоно.

1.3. Энэ журмын дагуу инженерийн дэд бүтэц (цахилгаан,
дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх
бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад орсон шинэ орон сууц
болон инженерийн дэд бүтэцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт
хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж
байгаа хуучин орон сууцыг худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэнд
орон сууцны ипотекийн зээлийг олгоно.

1.4. Энэ журмын дагуу олгох
ипотекийн зээлийн үйл ажиллагаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн
зээлийн үйл ажиллагааны журам”, түүнтэй нийцүүлэн баталсан бусад журам,
тухайн банкны өөрийн зээлийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа журмын
дагуу хэрэгжинэ.

1.5. Энэ журам нь Ипотекийн санхүүжилтийн тогтолцооны бүрдэл хэсэг болно.

Хоёр. Зээлийн ерөнхий нөхцөл

2.1.
Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ “Орон сууцны
барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын
дагуу тооцсоноор 80 м2-аас дээшгүй байна.

2.2. Ипотекийн зээлийн хугацаа нь 20 хүртэл жил байна.

2.3.
Ипотекийн зээлийн хүү жилийн 8 /±1/ хувьбайх бөгөөд жилийн инфляциас
хамаарч улиралд нэг удаа өөрчлөгдөж болно. Ипотекийн зээлийн хүү нь
Монголбанк, Засгийн газрын хооронд байгуулсан "Ипотекийн санхүүжилтийн
тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах санамж
бичиг"-ийн хүрээнд батлах "Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог
бий болгох журам"-ын дагуу тодорхойлогдоно.

2.4. Орон сууцны
урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хүртэлх хувь
байна. Монголбанкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээнээс
бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх зорилтот бүлэгт үзүүлэх
хөнгөлөлтийн үйл ажиллагааг Засгийн газар тусгайлан тодорхойлж,
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

2.5. Зээлдэгч өөрийн өмчлөлд
байгаа хуучин орон сууцыг барьцаа болгон зээл авч, энэ журмын дагуу
олгох орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно.

2.6.
Өр, орлогын харьцаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл
ажиллагааны журам”-д зааснаар татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй
байна.

2.7. Зээлийн барьцаа нь энэ журмын 2.5-д заасан хуучин
орон сууц болон энэ журмын дагуу олгосон зээлээр худалдан авах орон сууц
байна.

2.8. Зээлийн гэрээнд тусгаснаар зээлдэгч зээлийн урьдчилан төлөлт хийж болно.

2.9. Энэ журмаар олгох зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байна.

2.10.
Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс хойш 7 сарын хугацаанд банк
өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг энэ журмын дагуу олгох
орон сууцны ипотекийн зээлд шилжүүлэх, зээлийн дахин санхүүжилт хийхийг
хориглоно.

2.11. Банк зээлийн дахин санхүүжилт хийхдээ дараахь зарчмыг баримтална:

2.11.1. дахин санхүүжилтийн хэмжээ өмнөх орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байх;

2.11.2.
дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь зээлийн нөхцөлийн болон зээлдэгчийн
шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байх;

2.11.3.
дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн
сайн түүхтэй, зээлийн эргэн төлөлт нь хэвийн ангилалд байх;

2.11.4. дахин санхүүжилтээр олгож байгаа орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байх.

2.12.
Энэ журмын 3.1.3, 3.1.4-д заасны дагуу олгосон орон сууцны ипотекийн
зээлийн өрийн үлдэгдлийг энэ журмын дагуу олгох зээлийн эх үүсвэрээр
дахин санхүүжүүлэхгүй.

2.13. Нийтийн зориулалттай орон сууцны ипотекийн зээлээс бусад ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхгүй.

Гурав. Зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлт

3.1. Энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээл авах хүсэлт гаргаж байгаа иргэн дараахь шаардлагыг хангасан байна:

3.1.1. Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;

3.1.2.
банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй,
шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;

3.1.3.
өрхийн[1] гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар
тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах
журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй
байх;

3.1.4. өрхийн гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот
байгуулалтын сайд (хуучнаар), Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын
2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан
“Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд
хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны
ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

3.2. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн барьцаа болох орон сууц нь дараахь шаардлагыг хангасан байна:

3.2.1. Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх;

3.2.2. нийт талбай нь 80 м2-аас дээшгүй орон сууц байх;

3.2.3.
Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д
заасны дагуу хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагдсан байх;

3.2.4.
үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон
эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх
үүсээгүй байх;

3.2.5. барьцаалбар үйлдсэн байх;

3.2.6.
банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын
байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой
нэмэлт шаардлага тавих эрхтэй байна.

Дөрөв. Бусад

4.1.
Энэ журмын хэрэгжилтэд орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны
төв байгууллага, сангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв
байгууллага, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны
төв байгууллага тус тус хяналт тавьж ажиллана.

4.2. Энэ журмын
заалттай холбоотой маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх
бөгөөд нэгдсэн шийдвэрт эс хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

4.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж