Людмила Путина олны өмнө бараг гардаггүй. Үүнийгээ тэрбээр “Би хүсдэггүй юм” гэж тайлбарладаг. Нэлээд хэдэн жилийн өмнө буюу 2002 онд “Владимир Путин: Эрх мэдэл рүү хүрэх зам” нэртэй намтарчилсан ном хэвлэгдэн гарчээ. Энэ номонд нөхөртөө өөрийгөө зориулсныхаа хариуд нэг их юм хүсдэггүй, тэгээд ч энэ хувь тавилантайгаа эвлэрчихсэн явдаг орос эмэгтэйчүүдийн нэг үеийн төлөөлөл гэдгээ Людмила харуулсан гэдэг. Энэ тухай “Los Angeles Times” сонинд онцолж байжээ. Тус номын зохиогч Олег Болтскийтэй ярилцах зуураа Людмила “Тэр үргэлж болзооноосоо цаг гаруй хоцорч ирдэг” гэсэн байна. Нөхөртөө зориулж бэлтгэсэн Людмилагийн хоолыг гоочилдог. Анхны хүүхэд нь төрөх үеэр В.Путин бизнесийн аяллаар явж байжээ. Тэгээд төрөх болсныг нь мэдсэн ч эхнэрээ хөлсний тэргэнд суулгаад эмнэлэг рүү явуулж байсан гэнэ. Людмила “Түүнтэй хамт байхад эхний 15 минут хэвийн өнгөрдөг. Дараагийн хагас цаг бол бас дажгүй. Гэвч бүтэн цаг өнгөрсний дараачаас би уйлмаар санагдаж эхэлдэг. Тэр ажлаа хийхдээ нягт нямбай байдаг боловч хувийн амьдралдаа хайхрамжгүй ханддаг хүн” гэж ярьсан байна.
В.Путин өөртэй нь анх танилцах үед Людмила онгоцны үйлчлэгч байжээ. Энэ тухай “Төрийн тэргүүн: Оросын Ерөнхийлөгчийн бүтээсэн ер бусын дүр төрх” нэртэй номонд Людмилагийн хэлснийг сийрүүлэн бичсэн байна.
“Би Калининградаас гурван өдөр нислэгт гарсан. Манай багийнхан хүн цөөтэй байлаа. Ингээд Ленинградад ирсний дараа манай найз охиныг танил залуу нь театрт урьсан юм байж. Гэвч тэр ганцаараа явахаас зүрхшээгээд намайг хамт авч явсан. Харин нөгөө танил залуу нь театрт өөрийн найз болох Володяг дагуулж ирсэн.
Төрийн Думын байрны ойролцоох гудамжинд тасалбар түгээх газрын ойролцоо манай найз охин, түүний найз залуу бид гурав эхэлж уулзваа. Харин Володя тасалбар түгээх өрөөн дотор зогсч байсан. Тэр маш даруухан хувцаслачихсан байсныг нь би тухайн үед “Нэлээд ядруухан явна” гэж харж билээ. Хэрэв би Володятай гудамжинд санамсаргүй таарсан бол түүнийг анзаарч харахгүй байсан байж мэднэ. Гэхдээ тэнд би түүнд анхны харцаар л дурласан. Учир нь Ленинградад өнгөрүүлсэн мөч минь надад маш их таалагдаж байсан юм…” Людмила ирээдүйн нөхөртэйгөө анх уулзсан тухайгаа ийнхүү дурсчээ. Тэдний уулзалтаас хойш Людмила байн байн Ленинград руу нисэх болов. Хэрэв ажил нь тэгж таарахгүй бол өөрөө билет аваад оччихдог байж. Зөвхөн Володятай болзохын тулд шүү дээ.
Гэвч өнөөдөр тэрбээр олны өмнө гарахаа больж, олон улсын чуулга уулзалтад оролцдоггүй шалтгаанаа “Би онгоцонд суух дургүй. Надад эвгүй байдаг юм” хэмээн тайлбарлаж байна. Салалтынхаа талаар ярих үеэрээ Людмила “Бид хүүхдүүддээ хайртай. Тэднээр бахархаж, тэдэнтэйгээ байнга уулздаг” гэжээ. Харин нэгэн цагт хайрт Володя нь явсан Оросын Төрийн тэргүүн “Людмила бид хоёр бараг уулзахаа больж, өөр өөрийн гэсэн амьдралтай болсон” хэмээн ярьсан юм.
Харин “В.Путины гэр бүл салалтын тухай мэдээ оросуудыг цочролд орууллаа” хэмээн “Bloomberg” мэдээлэв. Христийн шашны өв соёл уламжлан ирсэн Орост гэр бүл салалтыг эсэргүүцэх үндэс бий. Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн Патриарч Кирилл өнгөрсөн онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид гэр бүлээ сүйтгэх юм бол хайрыг ч үгүй хийдэг. Бурхан үүнийг хүсдэггүй” хэмээн ярьж байжээ. Харин Оросын зарим хэвлэлээр түүний үгийг эш татаж байна. Тэр ч байтугай “Тэр өөрчлөгджээ. Жинхэнэ Путин яавч ийм шийдвэр гаргахгүй” хэмээн бичих аж.
Зөвлөлт Орос улс байх үеэс л удирдагчид нь эхнэрээсээ салж байсан түүх үгүй. Элдэв хов жив сонсогддог байсан ч Ленин, Сталин хэн ч салалтын тухай дурсаж байгаагүй аж. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин нэг л эмэгтэйтэй бүх насаараа хамт амьдарсан юм. Тиймээс В.Путины энэ шийдвэр оросуудыг нэлээд гайхшруулж байгаа бололтой.
В.Путиныг уран гимнастикч Алина Кабаеватай дотно харилцаатай гэж хэвлэлээр үе үе шуугидаг. “The New York Post” сонинд тэднийг хоёр хүүхэдтэй хэмээн бичиж байв. Гэхдээ Оросын хэвлэлүүд энэ тухай огт дурсдаггүй. Тэдний харилцааны тухай бичсэн дугаараа хэвлэлтэд гаргах гэж байсан цорын ганц сонин болох “Московский Корреспондент” 2008 онд хаагдсанаас хойш энэ нь хориотой сэдэв болжээ. Гэвч одоо В.Путины салалтын тухай амтай бүхэн шуугиж байна. Оросын дуурийн дуучин Николой Басков твиттертээ “Хэрэв хурим болбол би зохион байгуулагчаар нь ажиллана” гэсэн. Нэр хүндтэй сэтгүүлийн редаткор Лилия Ракшенко “Эсмеральда” бүжгэн жүжиг салалтын билэг тэмдэг боллоо” гэсэн бол өөр нэгэн нь Фэйсбүүк хуудсан дээрээ “Ингэхэд Орос орны аль хагасыг нь Людмила Александровна авах юм бол” хэмээн хошигножээ.
В.Путины өрсөлдөгчид түүний салалтын тухай гашуун хошигнолыг хамгийн их тарааж байна. Оросын Өмч хувьчлалын сайд асан Алфред Кокх “В.Путин эхнэрээ орхисон шигээ биднийг ч бас орхиосой гэж хүсэх юм. Тэр Ямайк юм уу, эсвэл Швейцарь мэтийн дулаахан уур амьсгалтай, ард түмэн нь аз жаргалтай улсыг сонгож аваад явбал зүгээр” гэх зэргээр бичсэн байна.
Нэгэн цагт сэтгүүлчийн “Та аз жаргалтай байна уу” гэх энгийн асуултад “Энэ бол гүн ухааны шинжтэй асуулт юм. Би ОХУ-ын иргэдэд үнэхээр талархаж явдаг. Тэд Ерөнхийлөгч болох итгэлийг өгсөн. Үүнд л миний амьдрал оршино. Харин энэ нь аз жаргал гэж хэлэхэд хангалттай эсэхийг би хэлж мэдэхгүй” хэмээн хариулж байсан В.Путин хувийн амьдралдаа цэг тавив. Гэвч тэрбээр Алина Кабаевагийн тухай үг унагаагүй хэвээр байна. Олимпийн хоёр медаль, дэлхийн аваргын 14 медальтай үзэсгэлэнтэй тамирчин бүсгүй өдгөө 30 нас хүрчээ. Уран гимнасткаа орхисны дараа Алина Кабаева 2007 онд улс төрд орж В.Путины Нэгдсэн Оросын намыг төлөөлөн Төрийн Думын гишүүн болсон юм. Харин түүнийг Оросын Ерөнхийлөгчтэй гэрлэх гэж байгаа гэх мэдээлэл “Московский Корреспондент” сонинд гарсны дараа В.Путин жигтэйхэн уурлаж, “Энэ нийтлэлд ганц ч үнэн үг алга” гэж байжээ. А.Кабаеваг хоёр хүүхэдтэй гэж ярьдаг ч тэрбээр 2011 оны нэгдүгээр сард “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үүнийг үгүйсгэсэн юм. Тэгээд “Би зээ дүү Арсениотойгоо Москвад явж байх үеэр хүмүүс түүнийг миний хүү гэж бодсон” хэмээн тайлбарлажээ. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард түүнийг хоёр дахь хүүгээ төрүүлсэн тухай барууны хэвлэлүүд дахин шуугисан. Улмаар В.Путин түүнийг Сочид Хар тэнгисийн эрэг дээр байдаг байшиндаа аваачиж халамжлах болсон гэж мэдээлжээ. Энэ удаад В.Путин ямар ч тайлбар хийгээгүй юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин