
Дархан-Уул аймгийн төвд “Дархан-50” нэртэй нэгэн сайхан цэцэрлэгт хүрээлэн бий. Нийслэлчүүд ч атаархам уг талбайд өмнө нь суурилуулсан өндөр хурдны интернэтийн сүлжээнд саатал гарсан байсныг өчигдөр дахин сэргээлээ. Ингэхдээ интернэтийн хурдыг өмнөхөөс гурав дахин хурдасгасан байна. Утасгүй интернэтийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар оролцсон юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгийн төвүүдэд утасгүй интернетийн чөлөөт бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлын нээлт болон албаны хүмүүс оролцсон юм. Энэ өдөр Сэлэнгэ, Булган, Архангай, Сүхбаатар зэрэг есөн аймгийн төвд утасгүй интернетийн бүсийг байгуулж, дээрх аймгуудтай шууд холбогдсон юм. “Дархан 50” цогцолборын “Wi fi“ нь 500 метрийн радиуст нэгэн зэрэг 100 хүн холбогдох боломжтой. Таван минутын дараагаар 101 дэх хүн холбогдохоор дэвшилтэт технологийг ашигласан гэдгийг МШТХХГ-ын дарга Ц.Жадамбаа онцолж байсан юм. Уг төслийн хүрээнд энэ сардаа багтаан 21 аймгийн төвийг үнэгүй, утасгүй интернетийн бүстэй болгох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
“Сумдад өндөр хурдны, өргөн зурвасын түгээх сүлжээ байгуулах” төсөл 2014 он хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд интернетгүй 250 сум, сууринг шилэн кабелийн болон тоон релейны дамжуулах сүлжээг ашиглан интернеттэй болгох юм. Энэ төслийн явцыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа биечлэн шалгасан юм. Тус аймгийн Сүхбаатар сумын төмөр замын дан байранд амьдардаг Б.Алтантулгынд Ерөнхий сайд зочилж, интернэтийн хурдыг нь шалгав. Б.Алтантулга Солонгост ажиллаж байгаа дүү Б.Мөнгөнтулга болон АНУ-ын Сан Франциско хотод амьдардаг ахтайгаа ярилцсан юм.
Д.ЦЭЦЭН