Олимпийн зургаан удаагийн алтан медалийн эзэн, Ямайкийн спринтер Усаин Болт Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чансаа өндөр тэмцээний талбарт Америкийн гүйгч Жастин Гатлинд түрүүгээ алдлаа. Италийн Ром хотноо өчигдөр болсон IAAF-ийн Очир эрдэнийн лигийн цуврал “Алтан гала” тэмцээний эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд Гатлин ердөө хэдхэн долийн зөрүүгээр Болтыг ардаа орхиж, тэргүүлсэн байна. Тэрбээр 9,94 секундын амжилт үзүүлж, аваргын титэм хүртжээ. Харин Болтын хувьд энэ ялагдалд сэтгэлээр унасан зүйлгүй гэнэ. Тэрбээр уралдааны дараа BBC Sport-д өгсөн ярилцлагадаа “Өрсөлдөөнд бэлэн болоход надад хоёр сарын хугацаа хэрэгтэй байгаа. Тиймээс огтхон ч санаа зовохгүй байна” хэмээжээ.
2004 оны Афины олимпийн аварга Жастин Гатлин сэргээшийн асуудалд холбогдож, дөрвөн жилийн хугацаанд уралдах эрхээ хасуулсан юм. Өрсөлдөөний талбарт эргэн ирсэн тэрбээр энэ жилийн Очир эрдэнийн лигт гурав дахь ялалтаа авч байна. Тэрбээр Доха болон Южинд болсон цувралд түрүүлсэн билээ. Харин Болт шинэ улирлын эхний тэмцээндээ оролцох үеэр хөлөө гэмтээснээр хэсэг хугацаанд завсарлага авсан юм. Түүний хувьд өчигдөр Ромд болсон тэмцээн энэ жилийн Очир эрдэнийн лигийн анхны уралдаан нь байсан. Тэрбээр 9,95 секундын амжилт үзүүлж, хоёрдугаар байрт шалгарсан бол Францын Жимми Вико 10,02 секундэд бариалснаар гутгаар байр эзэлжээ.
С.ЦЭЛМЭГ