Эдийн засагтаа буу тулгасан улстөрчид өө, “Гохоо бүү дараач”

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Эдийн засагтаа буу тулгасан улстөрчид өө, “Гохоо бүү дараач”

Олон  улсын валю­тын сангийн суурин төлөөлөгч тэсгэл алдаад өнгөрсөн
баасан гарагт Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ дахь
МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар­тай уулзлаа. Улс орных нь эдийн
засаг сөхрөх гээд бай­­хад халамжийн зардлаа нэмээд байгаа улстөрчдийн
гол толгойлогч нь энэ хоёрыг гэж ойлгосон хэрэг байх л даа. Тэгээд ч
Засгийн газрын гишүүн, АН-ын дарга гэсэн хоёр гол үүргийг хашиж
байгаагийнх нь хувьд Н.Алтанхуягт илүү найдвар тавьж ярилцсан хэрэг.
Учир нь энэ үеэр тэр­бээр төсвийн тодотголд халам­жийн бодлогууд
суул­га­хаар зэхэж улсынхаа эдийн засаг руу буу шагайсан улс­төрчдөөс
“Гохоо бүү дараач” гэж гуйлаа.Ийм  эх орончдыг тэд ховор үзсэн биз ээ.
Аргаа барахдаа манай төсөвт таван удаа үнэлгээ хийгээд дүгнэлтэд хүрч
ча­дахгүй байгаагаа дурьдаад “Хэрэв одоо төсвийн алдагдал чинь 150
тэрбум төгрөгөөс хэтэрвэл тусалж чадахгүй шүү” хэмээсэн байна. Хариуд нь
манай Засгийн газрын ги­шүүн, Тэргүүн Шадар сайд, өөрсдийнхөө ярьдгаар
хамгийн том улс төрийн хүчний тэргүүн “Энэ асуудалд МАХН-тай ярилцахгүй
бол цэг тавьж чадахгүй” гээд явуулжээ. Монголчуудын төс­вийн алдагдлыг л
багасгах зорилго тавьсан ОУВС-гийн суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган
МАХН-ын бүлгийн дарга руу харайлгав. Ноён Д.Лүндээжанцан  “Энэ чинь
амьдралаас урган гарсан хэ­рэгцээ шүү дээ. Бид ир­гэ­дийнхээ амьжиргааг
дээш­лүүлэх гэж байна” гэжээ. Эдийн засгаа нурааж иргэдийнхээ амьжиргааг
өөд татдаг монгол ухааныг гадны ноён үнэхээр ойлгосонгүй. Гэтэл ганцхан
энэ ноёнтон тэнэг биш ажээ. Дэлхийн банкнаас өнгөрсөн долоо хоногийн
эхээр манай улсад зөвлөмж ирүүлсэн. Түүнд мөн л “Яаж ч судлаад танай
инфляци оны эцэст 30 хувьд дөхөх шинжтэй. Үүнд мөнгө тарааснаар төсвийн
алдагдал төлөвлөснөөс дав­сан явдал томоохон нөлөө үзүүл­лээ” гэсэн
байна. Түүнч­лэн ирэх аравдугаар сард иргэдэд олгох гэж байгаа 50 мянган
төгрөг, цалин нэмэх зэрэг улс төрийн амлалтуудыг эдийн засаг чинь 
даахгүй байх шүү хэмээн анхааруулсан.

Одоохондоо ч яах вэ, манай улстөрчид хандивлагчдын өөдөөс “хэлээ гаргах”
нь холгүй үгийг нь сонсохгүй байна. Харин төсвийн алдагдлаа
хэт­рүүлчихээд байхад нь хямралын дайрлагад өртчих­вөл өнгөрсөн хаврынх
шиг өмнө нь бөхөлзөөд ч тэд туслахгүй л байх. Ард иргэд төсвийнхөө
алдагдлыг нөхөхөд хандив цуглуулж өгөх үү. Ердөө манай гадаад худалдааны
гол түнш БНХАУ-д эрэлт буурахад л экспортын орлого хумигддаг шүү дээ.
Энэ нөхцөлд хандивлагчдын зөвлөмжийг сөрөх нь “Ноёнтой муудвал
толгойгүй, нохойтой муудвал хормойгүй” гэдэг  монгол үгийг санагдуулж
байна.

Нэгэнт инфляци хяналтаас алдуурсан тохиолдолд Мон­голбанк   бодлогын
хүүгээ нэмнэ. Өөр яах юм бэ. Хаа хүртэл өсөх нь вэ гээд хараад суултай
биш. Тэгэхээр л манайхан учрыг нь олоогүй байж Америкт бодлогын хүү
буурч байхад манайд нэмэгдлээ гээд “орилж” эхэлдэг. Өмнө нь мөн л
инфляциа 34 хувьд хүргэж алдчихаад аргагүйн эрхэнд бодлогын хүүг
бууруулахад шүүмжлэхээс өөр юу ч хийж чадахгүй байсан. Харин өн­гөрсөн
хойно нь Монголбанк ийм бодлого явуулаад инф­ляцийг тогтвортой, нам
түв­шинд барьлаа гэж яриагүй. Харин ОУВС, Дэлхийн банк бодлого
баримтлагчдад нь баяр хүргэж байсан.

Тэгвэл дэлхий дахинд яг энэ мөчид юу болж байна вэ? Их хорийн Сангийн
сайд нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Солонгосын Пусан хотноо уулзав. Энэ
үеэр ОУВС бан­куудад хоёр төрлийн татвар ногдуулах санал өргөн барьж
байна. Энэ нь Засгийн газ­рууд банкны салбараа дэм­­жих шаардлагатай цаг
үед хэрэгцээтэй бэлэн мөн­гийг байлгах Санхүүгийн тогтворжилтын хөрөнгө
бүр­дүүлэх зорилготой ажээ. Мэ­дээж үүнийг эсэргүүцэгчид олон байгаа.
Гол нь уг хөрөнгийн зарцуулалтын та­лаар санал нэгдэхгүй байгаа юм.
Харин өнгөрсөн жил АНУ-д хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буцсан уг
саналыг Их хорийн орнууд дэмжих болов уу? ОУВС өнгөрсөн дөрөвдүгээр сард
энэ саналыг Их хорийн Засгийн газруудад танилцуулж байсан. Ингэхдээ
ирээдүйд учирч болзошгүй хямралын үеэр дэмжлэг авахын тулд банкууд хоёр
татвар нэмж төлөх хэрэгтэй. Үүнд тогтсон татвараа төлөөд, түүн дээр
ашиг, төлбөртэйгээ холбоотой татварыг давхар төлнө. Ингэснээр ирээдүйд
санхүүгийн хямралын үед дэмжлэг авах бололцоотой болно хэмээн тайлбарлаж
байлаа.

Манай орны хувьд зөвхөн өөрийн банкуудын хөрөнгийг нэмэгдүүлэхээр төсөл
хөтөл­бөр боловсруулаад байгаа. Гэхдээ банк тус бүр хөрөнгөө
нэмэгдүүлэхээс биш, аль нэг банк доголдвол түүнийг тэтгэх нэгдсэн
бодлого, хөрөнгийн эх үүсвэр босгох талаар хэн ч ярихгүй байна. Энэ нь
цаашид ч мөнөөх л “буруу харсан хатиг” шиг хувиа бодсон үйл
ажиллагаатай, нэг банк доголдоход бусад нь сэм баярлаж суудаг увайгүй
арга барилтай холбоотой. Үүнийг засч залруулах ухаантан одоогоор 
Монголд төрөөгүй байгаа бололтой.

Дэлхий нэгдээд байхад улс орон дотроо нэгдэх хүсэлгүй байгаа тохиолдолд
хөгжлийн түвшин, эдийн засгийн өсөлт ямар байх нь ойлгомжтой.  Монгол
Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хоёрдугаар сард, идэр ес тачигнаж байхад
Монголбанкны ерөнхийлөгчийг өрөөндөө дуудаж ярилцсан. Ингэхдээ “Өнгөрсөн
хугацаанд хоёр ч арилжааны банкинд Монголбанк арга хэмжээ авлаа. Гэтэл
шийдэж байгаа хэлбэр нь зарчмын хувьд өөр байгаа нь олон нийтэд
ойлгомжгүй, араасаа олон эргэлзээ дагуул­лаа. Өвчин хүндрэл нь нэг
байгаа бол эмчилгээ нь ч нэг байх ёстой. Эдийн засгийн амин зүрх болсон
энэ салбарт хариуцлагын тогтолцоо үгүй­лэгдэж байна. Банк дам­пууруулах
нь ашигтай бизнес байж болохгүй” хэ­мээн анхааруулсан. Гэтэл дам­пуурал
далласан дараагийн төлөвлөгөөг Засгийн газарт оруулахаар гүйж яваа нь
Төрийн тэргүүнтэй тэрсэлсэн хэрэг үү ч гэж бодогдож байна. Ямартай ч
Монголбанк, Сангийн яам дээрээ тэргүүн­тэй, зөв буруугаа хэлэлцэх
улстөрчид, эдийн засагчидтай. Мөн туйлдахын цагт ханди­ваар нь аврагдаж,
үгийг нь сонсч явах олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладгаа
санах хэрэгтэй болов уу.

У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж