-Монгол хүүхдүүд эх орондоо ээж, аавынхаа дэргэд дэлхийн боловсролыг эзэмших боломжийг бүрдүүлж байгаа танай сургуультай танилцахдаа баяртай байгаа байх. Нээлттэй хаалганы өдрөөр ямар арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах бол?
-Манай сургууль дээр анх удаа ирж танилцах гэж байгаа эцэг, эхчүүдэд сургуулийн орчин, анги танхим, үйл ажиллагаатай танилцах сайхан боломж олдож байна гэсэн үг. Сурагчид маань ирсэн зочиддоо сургуулиа өөрсдөө танилцуулах ба биеийн тамирын зааланд төрөл бүрийн тэмцээн уралдаан, яармаг зохион байгуулагдаж, сургуулийн дуу, хөгжим ба бүжгийн хамтлагууд өөрсдийн бяцхан тоглолтыг үзүүлж сонирхуулна. Тус өдөрлөгт гадны нэр хүндтэй байгууллагуудыг урьж оролцуулж байгаа. Олон үндэстний хоолоор дайлж, хүүхдүүдийг зугаацуулах төрөл бүрийн хөгжилтэй тоглоом, уралдаан, тэмцээн зохион байгуулагдана.
-Улаанбаатар дахь Бритиш сургууль мэдээж маш олон давуу талтай. Манай уншигчдад зарим зүйлээс нь танилцуулахгүй юу?
-Манай сургуулийн бахархал болох хамгийн том давуу тал бол мэргэжлийн чадварлаг багшлах бүрэлдэхүүн бөгөөд сурагчдынхаа хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдол өгдөгөөрөө маш онцлог давуу талтай. Тиймээс манай багш, ажилтнууд бүгдээрээ сурагчдын хүмүүжил, тэдний сахилга батад анхаарч, тэдний хичээл сурлагын амжилтын төлөө хичээж ажилладаг. Эхний хичээлийн жилд бид багш, сурагчдынхаа дунд маш сайхан уур амьсгал бүрдүүлж нэг баг, хамт олон болж чадсан юм.
Нээлттэй өдөрлөгийн үеэр шинээр ирж буй эцэг, эхчүүд, хүүхдүүдийн хамт манай сургуулийн үйл ажиллагаатай танилцах явцдаа багш, сурагчид хэрхэн хамтарч ажилладагийг харах болно. Мэдээжийн хэрэг манай бас нэгэн давуу тал бол Английн Үндэсний сургалтын хөтөлбөр. Дэлхийд танигдсан энэхүү хөтөлбөрийг монгол хүүхдүүдэд хүргэж байгаа нь өөрөө маш чухал зүйл. Английн зан заншил, дүрэм, журам гээд бүх л зүйлийг манай сурагчид суралцаж, өдөр дутамдаа дагаж мөрддөг. Үүний зэрэгцээ Монгол хэл, соёл, зан заншил болон түүх газар зүйн хичээлийн тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу өндөр ур чадвартай Монгол багш нар Монгол хэл дээр заадаг. Ийм учраас манай сурагчид сургуулиа төгсөхдөө эх орноороо бахархдаг жинхэнэ дэлхийн Монгол иргэн болж бэлтгэгдэж гарна гэсэн үг. Мөн сургуулийн барилга байгууламж, сурах орчин нөхцөл нь бүх хүний сэтгэлд нийцнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
-Монголд байгаа гадаадын сургуулиуд цөөн тоогоор монгол хүүхэд элсүүлж авна гэсэн хязгаарлалт тавьсан байдаг л даа. Танай сургуулийн хувьд?
-Тийм зүйл байхгүй. Манай сургууль бол Монголд байгуулагдсан, монгол хүүхдүүдэд зориулагдсан сургууль.Тиймээс ч манай сургуулийн эрхэм зорилго бол үргэлжийн хөгжил дэвшилд оршин буй даяршиж буй нийгэмд амьдралынхаа турш тасралтгүй сурч боловсрох эрмэлзэл бүхий дэлхийн монгол иргэнийг сурган хүмүүжүүлэхэд чиглэгдэж байгаа.
-Английн боловсролын систем монголын боловсролын системээс ялгаатай байх нь мэдээж. Таны хувьд манай улсад ажиллаж амьдраад удаагүй байгаа ч гэсэн монгол сургууль, монгол багш нарын заах арга барил английнхаас юугаараа ялгаатай байна гэж харж байсан бэ?
-Нэн тэргүүнд анги дүүргэлтээрээ ялгаатай. Манай сургуульд 24-ээс дээш хүүхэдтэй анги байхгүй. Дараагийн чухал зүйл бол манай багш нар хичээл заахдаа сурагчдыг суралцах чадвар, түвшингээр нь ялган хуваадаг. Учир нь бүх хүүхэд хичээлийг бүгд адилхан түвшинд ойлгож хүлээж авдаггүй. Хүүхэд бүр өөр өөрийн сэтгэн бодох, хүлээн авах чадвартай байдаг. Тиймээс нэг ангийн хүүхдүүдийг гурван түвшинд хувааж тухайн нэг сэдвийн хичээлийг хүүхдүүдийн сэтгэн бодох, ур чадварт нь тохируулж өөр өөр арга барилаар заадаг. Манай багш нар хүүхдэд хичээлийг нь ойлгуулахын тулд, хүүхдийг хичээлдээ дуртай байлгахын маш олон төрлийн сургалтын арга барилыг ашигладаг.Бас хүүхэд бүрийн сонирхол, авьяасыг нээж, хөгжүүлэхэд анхаардаг. Бүжиглэх дуртай бол бүжгийн хичээлийг түлхүү оруулах, зураг зурах дуртай бол тэр чиглэлээр нь түлхүү хичээллэдэг. Наад захын ялгаа гэвэл иймэрхүү зүйлсийг хэлэх байна.
-Сургуулийн хүчин чадлыг танилцуулахгүй юу. Хичнээн хүүхэд сурах хүчин чадалтай вэ. Одоо танай сургуульд суралцах сонирхолтой хүүхдүүдийг хүлээж авах боломж байгаа юу?
-Сургуулийн хувьд энэ жил нэгээс есдүгээр ангийн 200 -гаад хүүхэд сурч байна. Сургууль маань нээгдээд нэг хичээлийн жил өнгөрч байгаа учраас нийт хүчин чадалдаа хүрэх арай болоогүй байна. Ерөнхийдөө 850-900 хүүхэд сургах хүчин чадалтай. Тиймээс шинээр элсэн сурах сурагчдад манай үүд хаалга нээлттэй байгаа. Мөн манай сургуульд суралцах хүүхдүүдээс англи хэлний элсэлтийн шалгалт авдаг. Хүүхдүүд заасан хичээлийг англи дээр ойлгохын тулд тодорхой хэмжээний англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Наймдугаар сард англи хэлний зуны сургалт явуулах болно. Шинээр сургуульд суралцах гэж байгаа хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой. Манай сургуулийн хичээлийн программд нэмэлт англи хэлний хичээл ордог.Тэр хичээлийн программаар зуны сургалтыг явуулна.
-Монгол оюутнууд гадаадын их, дээд сургуульд элсэн орох гэхээр наана нь заавал нэг, хоёр жил суралцах шаардлага гардаг. Танай сургуулийг төгссөн хүүхдүүд гадны их, дээд сургуульд суралцахад хөтөлбөрийн зөрүү гэж гарахгүй байх?
-Манай сургуулийн сурагчид дэлхий дахинд жишиг болж буй ерөнхий боловсролын шилдэг хөтөлбөрийн дагуу суралцаж байгаа. Английн ерөнхий боловсролын бүрэн дунд түвшний үнэмлэх авч, Монгол Улсын ерөнхий боловсролын гэрчилгээний шаардлагыг хангаж, монголдоо төдийгүй бусад орны их, дээд сургуульд дэвшин суралцах чадвартай болж төгсөнө. Өөрөөр хэлбэл, манай сургуулийг төгсөөд авах гэрчилгээ бол гадаадын аль ч улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Мөн манай сургууль нь одооноос гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж эхлээд байна. Хүүхдүүд маань төгсөх хараахан болоогүй байгаа ч их, дээд сургуулиудын багш, мэргэжилтнүүдийг урьж сурагчидтайгаа уулзуулж ярилцах боломж гаргаж өгнө. Энэ нь хүүхдүүдийг зөвхөн их, дээд сургуулийн димлом авах гэж биш өөрийн хүссэн, сонирхсон зүйлээрээ мэргэших тэр зүйл рүү нь удирдан чиглүүлэх, цаашдаа амжилттай суралцах, зөв сонголт хийхэд нь туслах зорилготой.
-Хүүхдүүдийн хүмүүжил маш сайн гэж хэлсэн. Тусгайлан хүмүүжлийн хичээл ордог уу?
Сургуулийн анхны өдрөөс эхлээд л сахилга бат, хүмүүжлийн талаар манай сургуулийн багш, хамт олон бүгд ярьж, зааж эхэлдэг. Хүүхэд бүрийн онцлогийг ойлгон хүндэтгэж, тэгш харьцдаг, хичээлээ хүүхэд бүрт үр өгөөжтэйгээр хүргэн заахад мэргэшсэн, идэвхитэй, эрч хүчтэй, бүтээлч багш нарын баг бүрдүүлэн ажиллаж байна.