Залуус тэтгэлэгээ гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Залуус тэтгэлэгээ гардан авлаа

Ирээдүйн чадварлаг боловсон хүчин болох залуус тэтгэлэгээ гардан авлаа

ЕБС-иа дүүргээд буй төгсөгчид маань элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдээд завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Их дээд сургуулийн хуваарь авах, шинэхэн оюутан болох гээд үүрэг хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа сургалтын төлбөрийг яах вэ гэдэг асуудал аав, ээжийн өмнө гарцаагүй тулгардаг. Ялангуяа тэдний дунд сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээрээ тэргүүлдэг боловч их дээд сургуульд элсэн суралцахад санхүүгийн бэрхшээл тулгараад буй хүүхдүүд цөөнгүй бий. Нийгмийн хариуцлагаа мэдэрч ажилладаг манай тэргүүлэх банк ХААН Банкны дэргэдэх ХААН Банк Сангаас ЕБС төгсөж буй шилдэг сурагчдыг дэмждэг болсоор багагүй хугацаа өнгөрчээ.

Тэд энэхүү шинэ оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2013-2014 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сард зарласан бөгөөд хамрагдах хүсэлтээ  нийт 1000 гаруй төгсөгч ирүүлжээ. Тэднээс сум, дүүрэг, аймаг, үндэсний гэсэн  шатлалаар сонгон шалгаруулалтыг явуулсны үндсэн дээр Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй 100 шилдэг сурагчийг тодруулсан байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 100 сурагчийн 27 нь нийслэл хотоос хамрагдсан бєгєєд өчигдөр тэдгээр сурагчдад эрхийн бичиг гардуулах ажиллагаа ХААН Банкны Төв байранд боллоо.

Харин хөдөө орон нутгийн тэтгэлгийн эздийн батламжийг ХААН Банк орон даяар байрлах 512 салбараараа дамжуулан гардуулж өгч байгаа ажээ. Шалгарсан сурагчдын их дээд сургуульд элсэн орсон томилолтыг үндэслэн эрхийн бичгийг мөнгөжүүлэх юм. ХААН банк энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш өдгөө 880 гаруй оюутанд 440 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Их дээд сургуульд орохоосоо өмнө сургалтын төлбөрөө олж, улсынхаа тэргүүлэх банкны тэтгэлэгт хамрагдана гэдэг хүүхэд залууст маш том боломж, урам зоригийг өгч байгаа нь дамжигггүй юм. Энэ баярт мөчийг нь хуваалцан, тэтгэлгийн эзэд болсон зарим хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.


Завхан аймгийн  Тосонцэнгэл хотын 2-р  сургуулийн  11 а ангийн сурагч Б.Янжинсүрэн:

УУЛ УУРХАЙН ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН БОЛОХ МИНИЙ МӨРӨӨДӨЛ

Би ах, эгчтэйгээ  гурвуулаа амьдардаг. Ангийнхан маань ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг зарлагдсан байна оролцооч гэхэд нь би материалаа явуулсан. Бүсийн химийн олимпиадад 9-р ангидаа оролцоод 2-р байр, аймгийн засаг даргын нэрэмжит химийн олимпиадад 8-р ангидаа 1-р байранд орж байсан амжилтууд бас хичээлийн  сайн дүнгүүд маань тэтгэлэг авахад дэмжлэг болсон гэж бодож байлаа. Анх ангийн хүүхдүүд чи шалгарсан байна гэхэд итгээгүй, ангийн багшийг хэлэхэд л итгээд хамгийн түрүүнд ах, эгчдээ хэлсэн. Тэр хоёр маань надаар маш их бахархаж байсан нь хамгийн сайхан мэдрэмж байсан.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2-р  сургуулийн 11 а ангийн сурагч С. Отгон:

ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛЖ ЧАДВАЛ МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ОЙРХОН БАЙНА

Би хүн бүр өөрийгөө сайн  дайчилж хичээх юм бол зорилогодоо хүрдэг юм байна гэдгийг  тэтгэлэг авснаараа улам сайн ойлгож урам авлаа. Манайх ам бүл есүүлээ учраас санхүүгийн хувьд төлбөрөө төлөхөд хүндрэлтэй. Миний хувьд аймагтаа зохион байгуулагддаг бүсийн олимпиадад хошой алт, улсын олимпиадад 2-р байр эзлэн мөнгөн медаль авч байсан болохоор горьдлого тавьж байсан. Надад тэтгэлэг олгосон ХААН Банкныхандаа баярлалаа.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн 11 б ангийн сурагч Э.Донамирал:

ЭНЭ ТЭТГЭЛЭГ МИНИЙ БАХАРХАЛ

Хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүр минь болж өгч буй ХААН Банкны энэхүү тэтгэлгийг авах болсондоо маш их баяртай байна. Сэтгэл хөдлөөд хэлэх үг ч олдохгүй байна. Би хөдөө эмээ өвөө дээрээ өссөн. Энэ тэтгэлгийг авахад миний эмээ өвөөгийн минь надад олгосон хүмүүжил, хатуужил чухал нөлөө үзүүлсэн. Би 1-р ангиасаа эхлэн дандаа онц сурч байсан. Би багшийн мэргэжлээр суралцах гэж байгаа. Сургалтын төлбөрөө ХААН Банкны тэтгэлгээр шийдүүлж, бас хайртай өвөө эмээ, гэрийнхнийгээ баярлуулж байгаадаа маш их баяртай байна.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн  11а ангийн сурагч О.Цолмон:

УРАМ ЗОРИГИЙГ МИНЬ УЛАМ БҮР БАДРААЛАА

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг дуулаад хамгийн сүүлийн өдөр амжиж материалаа өгсөн. Сонгинохайрхан дүүргийн физикийн олимпиадын хоёр удаагийн аварга, нийслэлийн физикийн олимпиадаас хүрэл медаль тус тус авч байсан. Банк санхүүгийн чиглэлээр суралцахаар бэлдэж байна. Тэтгэлгийг авах болсон маань улам л их амжилттай сайн суралцах хүсэл, урам зориг өгч байна. ХААН Банкинд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Ийнхүү 2013 онд ЕБС төгссөн сурлага, авьяасаараа найз нөхөд, анги хамт олноо тэргүүлж буй  Монголын ирээдүй болсон 100 сурагч их дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудалд санаа зовохгүйгээр улс эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн болох гараагаа эхэллээ. ХААН Банк Сангаас оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сурагчдад нэг удаагийн тэтгэлэг өгөөд зогсохгүй тэдний их дээд сургуульд суралцаж буй сурлагын үзүүлэлт, нийгмийн идэвхи зүтгэлийг харгалзан дараа, дараагийн жилүүдэд сургалтын тэтгэлгээ үргэлжлүүлэн олгодог юм. Үүгээр зогсохгүй ХААН Банк Сангаас зохион байгуулдаг төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцож нийгмийн сайн сайханд гар бие хувь нэмрээ оруулах үйлсэд нэгдэх юм.

Та бүхэн ХААН Банкны www.khanbank.com  вэбсайт руу орж тэтгэлэг хүртсэн сурагчдын нэрстэй  танилцана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж