Таван одтой зочид буудлын сүлжээ Mövenpick Монголд

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Таван одтой зочид буудлын сүлжээ Mövenpick Монголд

Швейцарьт төвтэй, таван одтой зочид буудлын сүлжээ Mövenpick hotels & resorts-ийг “Жигүүр гранд” групп Монголд урьж байна. Энэ жил 40 насны төрсөн өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа энэхүү дээд зэрэглэлийн зочид буудлын сүлжээ нь 26 оронд 90 орчим салбартай юм. “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр Mövenpickсүлжээний Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирал Жан Габриел Перестэй өнгөрөгч сард Цюрих хотноо албан уулзалт хийсэн юм. Энэхүү албан уулзалтын дагуу өчигдөр тус сүлжээ зочид буудлын Азийн бүсийг хариуцсан дэд захирал Иенс Райхерт “Жигүүр гранд” групптэй менежментийн гэрээ байгуулснаар Монголын зочид буудлын түүхэнд нэгэн шинэхэн хуудас нээж байгаа юм.

Энэ тухай “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч, Гавьяат барилгачин Д.Баттөр:

-2016 онд Монгол УлсадОлон улсын Нисэх онгоцны буудал баригдана. Мөн хэд хэдэн Бойнг нэмж авна гэж ярьж байгаа. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ хуудас нээгдэнэ. Энэ үед манай Mövenpick зочид буудал маань ашиглалтанд орно. Швейцарь улсыг дэлхий цагаар нь, банкаар нь, зочид буудлаар нь сайн мэддэг. Швейцарь гэдэг нэр чанар, дээд зэргийн үйлчилгээ, найдвартай ажиллагаатай нэгэн утгатай мэт болсон. Энэхүү швейцарь нэр хүнд, нугарашгүй чанар Монголд ирж байгаад хувьдаа их баяртай байна гэсэн юм.

Цюрих хотын зүрхэнд тус сүлжээг үүсгэн байгуулагч Үэли Прагэ 1948 онд жижигхэн ресторан нээсэн байна. Тус рестораны хоолны амт чанар үйлчлүүлэгчдийн сэтгэлд гойд нийцсэн тул хот даяар алдартай болж чаджээ. Үүнд урамшсан Үэли Прагэ 1973 онд анхны зочид буудлаа Цюрихийн онгоцны буудалд байгуулсан нь өдгөөгийн Mövenpickсүлжээ зочид буудлын үүсэл болж өгчээ. Тус сүлжээ нь тоо биш чанарыг чухалчилдгаараа дэлхийд цуутай. 2015 онд салбараа 100 хүргэх стратеги боловсруулсан ба дэлхийг хэрсэн олон салбар байгуулах бус тогтвортой, шатлан хөгжсөн шилдэг менежментээр удирдах дээр анхаарч ажилладаг байна.

Mövenpick hotels & resorts Азийн бүсийг хариуцсан дэд захирал Иенс Райхерт:

-Манайх дэлхий даяар 70 таван одтой зочид буудалтай. Одоо 36 зочид буудал баригдаж байна. 37 дахь зочид буудал нь Монголд баригдах гэж байгаад баяртай байна. Манайх салбараа нээсэн орон бүрийнхээ хүрээлэн буй орчныг хэвээр нь хадгалах бодлого баримталдаг гэсэн юм.

Тооноос чанарыг эрхэмлэхээс гадна Mövenpickнь ашиг олохыг урьтал болгодоггүйгээрээ мөн алдартай. Харин аливаа үйлчлүүлэгчийг гэртээ байгаа мэт таатай тохь тухаар хангахыг эрхэм болгодог нь нугарашгүй нэр хүндийг авчирчээ. Энгийн зүйлийг гайхалтай сайхан зан чанараар тордож үйлчилдэг нь тэдний дэлхийд амжилт олсон нэрийн хуудсын нэг билээ.Жинхэнэ мэргэжлийн зочид буудал, дэлхийд чанараараа гайхагдсан Швейцарь нэр хүнд Монголд зочлох цаг ийн айсуй.

/Mövenpickгэдгийг Moevenpick гэж галиглаж болно/

Mövenpickhotels & resorts сүлжээний Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирал, тэрбумтан Жан Габриел Перестэй Цюрих хотноо зоог барьсны дараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж