Сангийн яам аймгуудтай гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Сангийн яам аймгуудтай гэрээ байгуулна

Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банк /АХБ/-тай хамтран хэрэгжүүлэх Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжил төслийн буцалтгүй тусламжийн хэлэлцээр, төслийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, АХБ-ны суурин төлөөлөгч А.Рутенберг, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар өнөөдөр 16.00 цагт гарын үсэг зурах гэж байна.
Төслийн нийт өртөг 21.9 сая ам.доллар бөгөөд үүний 15 сая ам.долларыг АХБ-наас буцалтгүй тусламжаараар олгож, үлдсэн хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлэх аж.

Өмнөговь аймгийн Даланзадгад, Дорноговь аймгийн Сайншанд сум, томооохон сумдын төв, хилийн боомтуудад уул уурхайн үйл ажиллагаа, хилийн худалдаа, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгааг дагалдан ажлын байр олноор бий болж суурьшилт, хотжилт нэмэгдэж байна. Иймээс, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, зохистой, үр ашигтай хот төлөвлөлтийг хийх, цэвэр, бохир усны систем, дулаан хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг шийдэх шаардлага нэмэгджээ.

Төслийн хүрээнд дээрх асуудлыг шийдэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ханбогд, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүдийн хилийн боомтод усан хангамжийн цооног, шугам хоолой, бохир усны шугам хоолой, халаалтын зуух, халаалтын шугам хоолой, хатуу хучилтай автозам барих зэрэг томоохон ажлууд хийх ажээ. Төсөл хэрэгжснээр дээрх хоёр аймгийн төв, уул уурхай болон хилийн боомт хот, суурин газруудын эдийн засаг хөгжиж, хот байгуулалтын салбарын институц болон тухайн бүс нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмж сайжрах юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж