-Таны эхнэрийг баривчилсан талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай ижил мэдээлэлтэй байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн болон гэр бүлийн дансанд байдаг бүх мөнгөн дүнгээ бичсэн. Нийт хадгаламжийн мөнгөн дүн нь 300 гаруй сая төгрөг байгаа. Өөрийнх нь хадгаламжийн дэвтэр, мөнгөн дүн гээд бүгд ил байсан. Яагаад заавал баривчилж, хорих байсныг нь ойлгохгүй байна. Орлого, зарлага нь бүгд тодорхой байгаа.
-323 сая ам.доллар буюу 13,9 тэрбум төгрөг дөрвөн жилийн хугацаанд таны эхнэрийн дансанд орж гарсан гэсэн. Таны эхнэр ямар бизнес эрхэлдэг вэ?
-Манай эхнэр хүнс, аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг. Ийм бизнест ийм их хэмжээний мөнгө байхгүй нь ойлгомжтой. 300 сая ам.доллар гэдэг бол 2000-аад оны улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө шүү дээ. Хувь хүний дансаар орж гарна гэдэг бол байж боломгүй зүйл. Хэрэв төгрөгийг ам.доллартай андуурсан бол би үнэхээр гомдолтой байна. Миний эхнэр ч гэсэн Монгол Улсын иргэн. Нэг албан тушаалтан мөнгөн дүнг андуурч хэлсний төлөө бусдыг хорьж, цагдана гэдэг бол байж болохгүй зүйл.
-Энэ хэрэг эхлээд иргэн О.Эрдэнэсолонготой холбогдсон. Гэтэл явсаар таны сайд байх үеийн цаг үетэй холбогдоод байна гэж хүмүүс ойлгоод байх шиг?
-Намайг шалгаж болно. Би шалгуулахад бэлэн. Миний эрхэлж байсан ажилтай холбоотойгоор ямар нэг зөрчил гарсан бол шалгаад, надаас байцаалт аваад, шалгах хэрэгтэй. Улсын төсвөөс ашигласан хэрэг байсан гэж үзэж байгаа бол намайг бүтэн жилийн турш шалгаж байна. Ашигласан бол хорьж, цагдах байсан. Миний хань 300 сая ам.доллар битгий хэл нэг сая ам.доллар ч үзээгүй хүн. Хүүхдүүдийн нэр дээр байдаг мөнгө гээд бүх хөрөнгө нь 300 сая төгрөг.
-Эхнэртэйгээ албан ёсоор уулзах хүсэлт гаргасан гэсэн. Хариу өгөөгүй байна уу?
-Би урьд шөнө хөдөөнөөс ирсэн. Тиймээс өнөөдөр албан ёсоор эхнэртэйгээ уулзах хүсэлт гаргасан. Одоогоор хариу өгөөгүй байна. Би шүүхэд гомдол гаргасан. Яагаад гэвэл хэд хэдэн хууль ноцтой зөрчсөн байна. Хэдийгээр шалгаж байгаа ч гэсэн Монгол Улсын хууль хяналтын байгууллага хуулийн дагуу явах ёстой.
-Тодруулбал, ямар хууль зөрчсөн байна вэ?
-Сэжигтнээр тооцсон бол үндэслэл байх ёстой. Өөрийг нь хуурч, мэхэлж аваачсан. Баривчлах ажиллагаа нь оргон зайлахыг завдсан, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөх байсан гэх мэт үйлдлүүдэд баривчилдаг. Гэтэл шууд дуудаж аваачаад хорьсон байсан. Хадгаламжийн дэвтрүүд нь гэрт нь байхад аваачиж тулгаагүй байсан.
-Цаашид хууль хяналтын байгууллага шалгаад мэдээлэл хийх байх. Та цаашдын үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-Надтай холбоотой сэжиг байгаа бол намайг шалга. Би бэлэн байна. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаач гэж хүсч байна. Дуудахад нь очиж байхад цагдан хорьж, баривчилна гэдэг буруу гэж бодож байна.