Экологийн тааламжтай ба тааламжгүй хотууд

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Экологийн тааламжтай ба тааламжгүй хотууд

Хамгийн цэвэр таван улс

Хүрээлэн буй орчны дэлхийн өдрийг (World Environment Day) бид зургадугаар сарын 5-нд тэмдэглэсэн билээ. Энэ цагаар бид экологийн хамгийн цэвэрт тооцогдох улс орнуудын талаар мэдээллийг хүргэж байна. Эдгээр орнууд байгалийн хуулийг зөрчилгүйгээр хүрээлэн буй орчинтойгоо зохицолдон амьдардаг байна.

1. Швейцари


Улс орнуудын экологийн байдлын талаарх чансаанд боломжийн 100 оноос 95-ыг нь Швейцари авсан байгаа. Швейцари нь дэлхийн баян орнуудын нэг. Хүн амын нэгжид ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр Швейцари дэлхийд тэргүүлэгч нарын нэг юм. Өндөр хөгжилтэй  аж үйлдвэр, эрчим хүчний орон бөгөөд эдгээр салбаруудад инновацийн технологи хэрэглэснээр байгаль орчноо анхлан байснаар нь үлдээж чаджээ.

Швейцаричууд өөрийн нутаг дэвсгэр дэх олон тооны уулын гол горхийг чадмаг ашиглаж чаджээ. Тус орны эрчим хүчний 50 хувийг  усан цахилгаан станцууд өгдөг. Цэвэр агаар, давтагдашгүй байгалийн зураглал нь жуулчдыг олноор татах бөгөөд тэдэнд зориулсан сайхан орчин нөхцлийг тэд бүрдүүлж чаджээ.

2. Норвеги

Өндөр хөгжилтэй аж үйлдвэртэй, ашигт малтмалаар баян орон. Нефть ба байгалийн хийн олборлолтоор төсвийн чухал хэсгийг бүрдүүлэхээс гадна нефтийн үнэ өндөр байгаагаас орсон орлогоор 800 орчим тэрбум ам.долларын хямралын сангийн нөөцийг бүрдүүлж чаджээ. Аж үйлдвэрлэл өндөр хөгжилтэй ч тус улс экологийн хамгийн цэвэр орнуудын нэг болж чадсан байна. Хэт орчин үеийн тэргүүн технологийг аж үйлдвэр, олборлох салбарт нэвтрүүлж чадсан нь эдгээр салбаруудын хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг хамгийн доод хэмжээнд буулгаж чаджээ.

Норвеги өөрийн рашаан, амралтын газруудаар алдартай. Жил бүрд хэдэн зуун мянган жуулчид Норвегид ирж байдаг.

3. Люксембург

Люксембург газар зүйн маш тааламжтай нөхцөлд, Европын хамтын нийгэмлэгийн төвд нь оршино. Байгаль орчноо онгон дарханаар нь хадгалж чадсан учраас жилдээ олон зуун мянган жуулчид тийшээ очих дуртай.

Люксембург  жуулчлалын бизнесийг дээд зэргээр хөгжүүлэн жуулчдад таатай орчинг бүрдүүлж чаджээ.

Түүхийн дурсгалт газрууд, элдэв шилтгээн, ордууд, уран барилгын дурсгалууд нь жуулчдад уйтгарлах зав өгөхгүй. Нэг кв/км нутаг дэвсгэр дэх түүхийн дурсгалуудын нягтралаар Люксембург дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтэй.


4. Коста-Рика

Коста-Рика нь экологийн асуудалд хамгийн их анхаарал тавьдаг ер бусын улс орнуудын нэг юм. Коста-Рикагийн нутаг дэвсгэрийн гуравны нэг нь үндэсний хүрээлэнгүүд, дархан цаазат газрууд юм. Ногооруулах талдаа асар их хөрөнгө гаргадаг. Улсын энэхүү бодлогын улмаас ойн суулгац нь жилдээ хоёр хүртэл хувиар нэмэгдэж байдаг.

Эдийн засаг нь голчлон аялал, жуучлал дээр тулгуурлана. Мөн тэнд цахим үйлдвэрлэл, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хөгжсөн байгаа. Америкийн Тэтгэвэр авагчдын холбооны мэдээгээр бол тус орон тэтгэвэрийн хөгшдөд хамгийн таатай нөхцөлтэй гэнэ. Тиймээс ч АНУ ба Канадын тэтгэвэрийн хөгшид өөрийн орнуудынхаа тэтгэвэртэйгээр тэнд олноор амьдардаг ажээ.

5. Франц

Аж үйлдвэр маш дээгүүр төвшний хөгжилтэй гэлээ ч экологийн цэвэрхэн орнуудын нэг нь Франц юм. Атомын цахилгаан станцууд нь эрчим хүчний 80 хувийг үйлдвэрлэдэг учраас байгаль орчноо цэвэрхэн авч үлдсэн байв.  Атомын эрчим хүчийг өөр эх сурвалжаар солих ажил тэнд эрчимтэй өрнөж байгаа.

Тус оронд эрчим хүчний зарлагыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх улсын хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн аялал, жуулчлалын салбарын хөгжлийг  нэмэгдүүлэх ажил байнга явагдаж байгаа гэнэ.


Амьдралд харш дэлхийн найман хот


Зуны дулаан цагаар хотуудын ариун цэвэр маш чухал. Үйлдвэрлэлийн бохирдол нь тоос шороо, машины утаа, бүгчим халуунтай давхцаад том хотуудын амьдрал хүндрэлтэй болдог. Зуны цагаар очмооргүй дэлхийн хэд хэдэн хотыг танилцуулья.


Энэтхэгийн Вапи хот

Мянга гаруй  үйлдвэрийн газрууд өөрийн хаягдлаараа био орчинг бохирдуулж энэ хотод амьдрахыг ёстой л амьд үлдэхийн төлөө тэмцэл болгожээ. Вали  хотыг хогийн том цэг гэж нэрлэдэг гэнэ. Хүнд металл, мөнгөн ус, хэдэн арван мянган өвчтэй хүмүүс, хэдэн зуун мянган тонн хог уг хотыг хүн амьдрах аргагүй болгожээ.

Төрлөхийн гажигтай эрэмдэг зэрэмдэг хүн, ужиг өвчний  тооны төвшин маш өндөр байгаа нь  хүн тэнд амьдрах хэрэггүйг харуулж байна.

Азербайжаны Сумгаит хот

Энэ хот тухайн цагтаа Зөвлөлтийн химийн аж үйлдвэрийн төв нь байлаа. Агаар, хөрс, ус нь хүнд металлын бохирдолтойгоос одоо тэндхийн 30 гаруй мянган хүн  ужиг өвчинтэй. Дээр нь нефтийн аж үйлдвэр нь хотын бохирдолд нэрмээс болдог аж.  

Жил өнгөрөх тутам аж үйлдвэрийн үйлдвэрүүдийн ажиллагаа мөн экологийн асуудал нь улам бүр амин чухал болж байна.

Хятадын Линьфэнь

Багтраа, уушгины хорт хавдар, хаван нь  Линьфэнь хотод бусад өвчнөөс хамгийн их тархсан гамшиг юм. Тус хотын үйлдвэрүүд асар их хэмжээгээр агаар мандалд хүлэмжийн хийг хаяж байна.

Зөвхөн агаар мандал ч биш хотын хөрс, ус дээд зэргээр бохирджээ. Хорт бодисны хаягдал маш эрчимтэй учраас хотын агаар нь саарал утаа тортог болон хувирчээ.

Перугийн  Ла Оройа хот

Хотын оршин суугчдын ихэнхийн цусанд нь тугалганы агууламж маш өндөр байдаг ажээ. Тэр нь байх ёстой хэмжээнээс 1000 дахин их байгаа нь мэдрэлийн төв системийн  үйл ажиллагааг  өөрчлөх бөгөөд дархлалыг үгүй болгон хорт хавдраар өвчлүүлдэг.

Америкийн корпорациуд энэ хотод зэс, цайр, тугалга олборлон асар их хорт хаягдлыг агаар мандалд хаядаг.

Оросын Держинск

Оросын хамгийн их бохирдолтой хот. Зарим хорт бодисын агуулга нь байх ёстой хэмжээнээс сая дахин илүүтэй.

Хотын нутаг дэвсгэрт химийн үйлдвэрийн хэдэн зуун тонн хаягдлыг булшилжээ. Фенол, хүнд металлаар агаар, ус, хөрс нь бохирдсон байгаа. Хотын хүн ам нь 250 мянга орчим бөгөөд ихэнх нь  химийн бохирдлын улмаас үүдэлтэй бүхий л өвчнөөр  өвчилдөг ба дундаж нас нь 45 гэнэ. Байдлыг засахад хэдэн арван сая ам.доллар хэрэгтэй бөгөөд тэр нь хотын төсөвт байхгүй.

Оросын Норильск

Блэксмитийн хүрээлэн энэ хотыг дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг гэж нэрлэсэн. Уулын баяжуулахын үйлдвэрлэл хотыг экологийн бохирдлын там болгосон байна. Агаар мандалд хаягдаж байгаа хаягдал нь хэдэн арван сая тонн болдог ба тэр нь хотод нөлөөлдөг.

Агаарт хүхэр үнэртэж, хотод хар цас ордог. Хүн амьдрахад харш ч гэсэн тэнд хэдэн зуун мянган хүн амьдардаг.

Замбийн Кабве хот

Ашигт малтмалын олборлолт хийгддэг Замбийн аж үйлдвэрийн төв нь энэ хот юм. Хорт бодис, хүнд металлын агаар мандал дахь хаягдал тэнд маш их.

Организм дэх хорт бодис байх ёстой хэмжээнээс хэдэн мянга дахин их  бөгөөд хотынхон бөөр, цус, булчин сулрах зэрэг өвчинд нэрвэгджээ.

Доминикан улсын Гаина (Хайна)

Улсын өмнөд хэсэгт орших энэ хотын хордуулагч бодис нь тугалга юм. Энэ хот нь автомашины аккумлятор үйлдвэрлэх талдаа дэлхийн лидер. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хуучирснаас хаягдал хүрээлэн буй орчинд ихээр хаягддаг.

Төрөлхийн гажиг, сэтгэцийн өвчин хотод маш их бөгөөд зуугаад мянган хүн өвчинд нэрвэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж