&#34Шударга ёсыг тогтооход иргэдийн оролцоо маш чухал&#34

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

&#34Шударга ёсыг тогтооход иргэдийн оролцоо маш чухал&#34

Шударга баймаар байна гэх үгийг хүн бүхэн ярьдаг ч амьдрал дээр биелэлээ олох нь ховор. Тэр дундаа хууль зүйн салбарын шинэчлэл, шударга ёсыг тогтоох талаар амтай бүхэн нь ярьдаг ч хэрэгжиж байсан түүх үгүй.

Үе үеийн Засгийн газар ч энэ тухай ярьсаар ирсэн. Харин шинэчлэлийн Засгийн газрын үе гэж нэрлэгдэж байгаа дөрвөн жилийн хугацаанд хууль зүйн салбар дорвитой шинэчлэгдэх эхлэлээ амжилттай тавьж байна. Х.Тэмүүжин сайдын багийнхан олон жилийн туршид авлига хүнд сурталд автаад байсан хууль, шүүхийн салбарыг шинэчлэхээр зориглон ажиллаж, өнөөдөр үр дүнгээ өгч эхлээд байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний өргөн мэдүүлсэн Хууль зүйн салбарын багц хуулиуд үүнд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Шүүхийн шинэтгэл, Хууль зүйн шинэчлэлийн багц хуулиуд нь олон зүйлийн эхлэл нь болж байгаа гэдэгт иргэд итгэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хууль зүйн салбарын шинэчлэл дээрх багц хуулиудаас эхэлж байгаа гэхэд болох юм. Түүнчлэн шинэчлэлийг өөр олон зүйл дээр хэрэгжүүлж бүгширмэл агаар, авлигад идэгдсэн хууль, шүүхийн салбарыг бүхлээр нь, танигдах аргагүй болтол нь өөрчилж байгаа. Мөн Төрийн болон ТББ -ын хоорондын уялдаа холбоог сайжруулж шударга ёсны төлөө хамтран ажиллах эхлэлийг тавьж байгаа нь олны талархлыг хүлээж байна.

Хуулийн зөвлөгөө үзүүлдэг, иргэдийн шүүх, өмгөөлөл авахад тусалдаг олон ч ТББ -ууд Хууль зүйн яамны бодлогыг шүүмжилж, болж бүтэхгүй байна гэж үргэлж ярьдаг байлаа. Энэ нь ч тэдний хоорондын уялдаа холбоо, хамтарч нэг зүйлийн төлөө тэмцэх замыг холдуулдаг байсан учраас тус тусдаа нэг зүйлийн төлөө тэмцэж, хүчээ тарамдуулж, хийгээд ч байгаа юм шиг, хийхгүй ч байгаа юм шиг нэг л хий хоосон ярьсан хүмүүс харагддаг байсан. Өөрөөр хэлбэл, нэг зүйлийн төлөө үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг боловч үргэлж зөрчилддөг байсан нь нууц биш юм.

Харин хууль, шүүхийн салбарын шинэчлэлийн хүрээнд бүгд нэг чиг зорилготой болж иргэдээ хамгаалах, нээлттэй хууль шүүхийн төлөө хамтран ажиллахаар болж байгаа нь талархууштай үйл явдал юм. Үүнийг бататган харуулсан үйл явдал өчигдөр болсон юм. Тодруулбал, Төрийн албаны хүнд суртлыг бууруулах, төрийн албаны үйл ажиллагаанд хууль ёсыг тогтоох, шударга ёсыг хэвшүүлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хууль зүйн яам “Иргэдийн шударга шүүх” ТББ -тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Хууль Зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, “Шударга шүүх” ТББ -ын тэргүүн Х.Бат-Ялалт болон эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөөлөл оролцсон юм. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэр Х.Бат-Ялалт иргэдийн эрх ашгийг хамгаалж, хуулийн байгууллагуудын хүнд суртлыг халж, бууруулахад зориулсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн төслийг өргөн барьсан юм.

Түүнчлэн Иргэний харилцах дэвтрийг гаргасан тухайгаа тэрбээр энэ үеэр дурьдаж байлаа. Энэ дэвтрийг гаргаж байгаа учир нь төрийн албан хаагчдад гаргасан иргэдийн гомдлын хариуг ямар нэгэн байдлаар цаг тухайд нь өгч, дэвтэр дээр тэмдэглэл хөтлөн явуулж байх явдал юм байна. Энэ дэвтрийг “Иргэдийн шударга шүүх” ТББ байгууллагын 6000 гаруй гишүүн хэрэглэдэг бөгөөд зургаан жил яваад шийдэж чадаагүй хүн хоёр сарын дотор л асуудлаа шийдвэрлүүлсэн байна. Үүнийг нь ч Хууль зүйн яам дэмжиж иргэний харилцах дэвтрийг хэвлүүлэх зардлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим” гаргасан байгаа юм. Талархууштай, тааламжтай мэдээ.

Энэ ажил үр дүнгээ өгнө гэх итгэл иргэдэд байгаа. Тиймээс цаашдаа иргэний харилцах дэвтрийг цахимжуулах шаардлагатай байгаа юм. Нэг үгээр хэлбэл, дижитал хамгаалалтын хөтөлбөрийг санаачилан ажиллах нь зүйтэй. Ингэж ажиллана гэдгээ ч талууд энэ үеэр илэрхийлж байна билээ.

Иргэд өөрсдийнхөө төлөө дуу дүрсний бичлэг хийдэг хэрэгслээр үйл явдлыг бичүүлж аваад тэрийг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлдэг байх аж. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Хууль Зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл “Хууль зүйн салбарын шинэчлэлд анхаарал тавьж, санал бодлоо байнга илэрхийлж байдаг төрийн бус байгууллагын төлөөлөл бол хуульч, судлаач Х.Бат-Ялалт юм. Шударга ёсыг тогтооход иргэдийн оролцоо маш чухал” гэдгийг онцлон хэлсэн юм.

Харин “Иргэний шударга шүүх” ТББ -ын тэргүүн Х.Бат-Ялалт хууль зүйн салбарын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж цаашид шинэчлэл, шударга ёсны төлөө хамтран ажиллахаа хэлсэн юм.

Нэгдсэн нэг зохион байгуулалтад орж нэг чиг зорилгын төлөө тэмцэх үйлсийн төлөө энэ мэт төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж чадвал хууль, шүүхийн салбарын шинэчлэл тун хурдтай, хүссэн үр дүнгээ өгөх хэмжээнд хүрч чадах нь ээ. Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил гэдгийг энэ мэт олон үйл явдал цаашид ч харуулсаар байх биз ээ.

Г.ТӨГС
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж