Ханатлаа бүжиглэж болох нь

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Ханатлаа бүжиглэж болох нь

Та өнөөдрөөс эхлэн шөнийн 03.00 цаг хүртэл шөнийн цэнгээний газар буюу бааранд санаа амар, хөлсөө гартал бүжиглэх боломжтой боллоо. Учир нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 03-наас эхлэн долоо хоног бүрийн пүрэв, баасан, бямба гаригуудад тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско бүжиг, шоу үзүүлбэртэй зэрэг шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, дээрхи өдрүүдэд 15.00-03.00 цагт ажиллуухаар шийдвэрлэсэн. Гэхдээ нэг болзолтойгоор. Тэр нь ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр чөлөөт цагаа өнгөрөөх, бүжиглэх, хууч хөөрөх боломжтой юм байна. Шөнийн цэнгээний газар гэдэгт баар, пааб, караоке зэрэг багтдаг тул пааб, караоке ажиллуулж байгаа иргэд ямар нэгэн тусгай хөтөлбөр, шоу үзүүлбэртэй үед шөнийн 03.00 цаг хүртэл ажиллах боломжтой гэдгийг ч албаныхан үгүйсгэхгүй байгаа юм.

Захирамжаар шөнийн цэнгээний газруудыг 00.00-03.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон. Гэвч үйлчлүүлэгчид 00.00 цагаас өмнө захиалсан согтууруулах ундаа буюу архи, пиво, вино зэргийг хорионы цаг эхлэхээс урьтан яаран, сандарч уух уу аль эсвэл дууссан ч дуусаагүй ч зөөгч шууд хураан авах уу гэдэг нь багагүй асуудал үүсгэнэ гэж үзэх хүн цөөнгүй байна. Нэг талаас иргэд үйлчлүүлэгч хаан гэцгээж худалдаж авсан зүйлсээ хэрэглэж, ууж дуусгана гэж, цэнгээний газрууд 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх үүргээ биелүүлэх гэж багагүй л сандралдах нь гарцаагүй. 

Засаг даргын захирамжид дэлгүүр, хоолны газар, эмийн сан, банк гээд багагүй газруудын цагийн хуваарийг өөрчлөх тухай дурьджээ. Тодруулбал, нийтийн үйлчилгээний газрууд зуны улиралд 08.00-22.00 цаг, өвлийн улиралд 09.00-20.00 цагт, хүнсний мухлагууд зуны улиралд 08.00-22.00 цаг, өвлийн улиралд 09.00-22.00, аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд зуны улиралд 09.00-21.00 цаг, өвлийн улиралд 10.00-20.00 цагийн хоооронд, банк, эмийн сан, шатахуун түгээгүүрийн станцууд нэгдсэн эмблемтэй бол 24 цагаар, ажиллаж болох юм байна.

Хоолны газрын тухайд бол түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газруудыг 07.00-03.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрчээ. Тиймээс 24 цагаар ажилладаг хоолны газрууд бүгд дээрхи журмыг дагаж мөрдөх юм байна.

Залуучууддаа хандан хэлэхэд дээрхи тогтоосон дүрэм журмыг чанд мөрдөж, чөлөөт цагаараа согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр ханатлаа бүжиглэж байхыг  хүсье.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж