Х.Тэмүүжин: О.Эрдэнэсолонгыг шалгаж байгаа

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин: О.Эрдэнэсолонгыг шалгаж байгаа

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-т шалгаж, түр саатуулаад  байгаа талаар өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Энэ талаар Ё.Отгонбаяр гишүүн албан ёсны мэдээлэл хийгээгүй ч өөрийн твиттер хуудсаар дамжуулан түүний гэр бүлд ийм хэмжээний мөнгө байхгүй гэж мэдэгдээд байгаа. Харин одоогоор тэр эхнэртэйгээ уулзах хүсэлтээ гаргасан байна. Энэ хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс тодрууллаа.

-Ё.Отгонбаяр гишүүний эхнэрийг их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр шалгахаар хорьж саатуулаад байгаа гэсэн. Гэвч Ё.Отгонбаяр гишүүн “Эхнэр бид хоёр энэ мөнгөний талаар мэдэхгүй” гэдгээ интернетээр тараагаад байгаа. Аль нь үнэн болж байна вэ?

-Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. О.Эрдэнэсолонго хэмээх эмэгтэй саатуулагдан шалгагдаж байгаа нь үнэн. Багагүй хэмжээний ам.долларын болон төгрөгийн гүйлгээ Монголын гурван банкин дахь түүний дансаар нь орсон мэдээлэл байгаа.

 -Энэ их хэмжээний мөнгийг хэдэн удаагийн гүйлгээгээр оруулсан байх вэ?

-Дөрвөн жилийн хугацаанд эргэлдсэн мөнгө. Мөнгө угаасан гэмт хэрэг үү, өөр төрлийнх үү гэдгийг нь одоогоор тодорхойлоогүй байна. О.Эрдэнэсолонго өөрөө ямар учиртай мөнгө вэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа.

-Зөвхөн энэ хэргийн улмаас цагдан хорьсон уу, эсвэл өөр давхар хэрэг байгаа юу? Гадуур шалгах боломжгүй байсан юм уу?

-Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор ингэж л шалгах ёстой байгаа. Хэрэв УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ч гэсэн санаачилга гаргаад өргөн барьсан хуулиудыг хурдхан шиг батлаад өгвөл хэргийн шалгалт хүний эрх хангагдах эрх зүйн шинэ орчинд очно шүү дээ. Өөрсдөө хууль батлахад саад хийгээд байгаа мөртлөө хоёр үзүүртэй зүү шиг нөгөө талд гарч өөр зүйл яриад байж болохгүй.

 -Шалгагдаж байгаа хүний нөхөр нь УИХ-ын гишүүн гэдгийг цагдаагийн байгууллага зарласан нь хэр зохимжтой зүйл вэ? Зарим хүмүүс үүнийг хэргийг улс төржүүлэхэд хүргэлээ гэж үзэж байна?

-Цагдаагийнхан ямар мэдээлэл өгснийг би өөрөө дэргэд нь байгаагүй учраас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мөнгө угаахтай холбоотой болон сонирхлын зөрчлийн хуулиар тодорхойлсон улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд УИХ-ын гишүүн, сайд нар бүгд орж байгаа. Энэ нөлөө бүхий этгээдүүдийн хамааралд байдаг этгээд учраас гэр бүлийнхэн нь ч гэсэн эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа юм. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэнийг ч буруутан гэж үзэхгүй.

 -Ийм их хэмжээний мөнгөний талаар Ё.Отгонбаяр гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй байсан?

-Үүнийг АТГ-аас тодруулах хэрэгтэй байх.

 -Мөнгө угаах гэмт хэрэгт томоохон албан тушаалтан улстөрчид болон ар гэрийнхэн нь холбогдож эхэллээ. Шалгагдаж буй хэргүүдэд шинээр батлагдах хуулийн орчин нөлөөлөх үү?

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн эцсийн найруулгыг хийсэн. Гэвч энэ хууль албан ёсоор хэрэгжиж эхлээгүй байна. Хуучин хуулийн хүрээнд мөнгө угаахтай холбоотой цөөнгүй хэргүүд шалгагдаж байгаа. Өчигдөр цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байх. Шалгаж байгаа хэргүүдээс томоохон гэгдэх гурав, дөрвөн хэргийг нь задалж хэлсэн байх шиг байна лээ.

 -Хуульд 20 саяаас дээш төгрөгийн гүйлгээг хянахаар туссан байдаг. Үүний 50 сая болгоё гэж байсан ч дэмжигдээгүй?

-2006 оноос хойш үйлчилж байгаа хуучин хуулиар 20 саяас дээшхи гүйлгээг хянаж байгаа. Шинэ хуульд энэ босго хэвээрээ үлдсэн. Энэ нь олон улсын стандарттай нийцэж байгаа. Гэхдээ бид өөрсдөө олон улсын байгууллагуудын шаардлагыг бүрэн хангаагүй байсан. Тийм учраас хуучин хуулиар Монгол Улсад хийгдэж байгаа гүйлгээ гаднын байгууллагаар хянагдаж байсан. Шинэ хуулиар энэ зохицуулалтыг болиулсан. Одоо Монгол Улсын холбогдох байгууллагууд хянадаг, бусад улс орны хууль хяналтын байгууллагуудтай зөвхөн гэрээний дагуу мэдээлэл солилцдог болох юм. Өөрөөр хэлбэл, гадны байгууллагууд Монгол Улсын иргэний мөнгийг хянахгүй, монголчууд өөрсдөө хянана. "Бид хууль эрх зүйн орчноо олон улсын стандартад ойртуулсан. Бидэнд итгэ" гэдэг шаардлагыг бид гаднын хууль сахиулах байгууллагуудад тавьж байгаа.

-20 сая төгрөгийн босгын хувьд эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа энэ үед хэр зохимжтой тоо гэж үзэж байна вэ?

-Олон улсын жишиг шүү дээ. Зарим улсад энэ босго 5000 ам.доллараас эхэлдэг. 20 сая гэдэг бол ерөнхийдөө өндөр босго шүү дээ.

 -Германд байгаа Элчин сайд мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл бий. Энэ талаар?

-Энэ бол Монгол Улс мөнгө угаах болон энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх орчноо сайжруулахгүй бол танай улстай холбоотой гадна дотно хийгдэж байгаа бүх гүйлгээг хянана гэсэн дохиог үзүүлж байна. Тэгэхээр бид "Уучлаарай, та манай мөнгийг хянахгүй. Бид өөрсдөө хяначихъя. Тиймээс Монгол Улстай холбоотой гүйлгээг зүгээр орхи" гэдэг байдлаар хууль эрх зүйн орчноо сайжруулж байна.Хэрэв бид хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй бол Монгол Улсаас гадагшаа, гаднаас Монгол руу урсаж байгаа бүх гүйлгээ хяналтад орно гэсэн үг. Иймээс гаднын хууль хяналтын байгууллагад хянуулах уу, эсвэл дотооддоо хууль эрх зүйн орчноо сайжруулаад итгэлцэх үү гэдэг сонголтын өмнө ирсэн. Хэрэв бид хууль эрх зүйн орчноо сайжруулаагүй байсан бол зургадугаар сарын 15-наас хойшхи манай бүх гүйлгээ царцаж, удааширч бизнест таагүй нөхцөл байдал үүсэх байсан.

-О.Эрдэнэсолонгын дансаар орж ирсэн гэх мөнгөний тоо хэр баттай вэ?

-Мөнгөн дүн бол хөдөлж магадгүй. Зарим нэг төгрөгийн гүйлгээр ам.доллараар тэмдэглэсэн байж магадгүй гэж мэдээлж байгаа. Дампуураад алга болсон Зоос банкаар гэхэд олон удаагийн гүйлгээ хийгдсэн байгаа. Тиймээс шалгаж нягтлах шаардлагатай.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж