Фермерүүд үнээний сүүний үнийг нэмэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Фермерүүд үнээний сүүний үнийг нэмэхийг шаардлаа

Монголын сүүний нэгдсэн холбооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд Монголын фермерүүдийг төлөөлөн  үнээний шингэн сүүний үнийг тогтворжуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн 20 жил саалийн эрчимжсэн фермерийн аж ахуйг төр засгаас огт харж үзээгүй бөгөөд фермерүүд бүх зүрхээрээ өнөөдрийг хүртэл явж ирсэнийг онцлон хэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд үнээний сүүг үйлдвэрүүд хэт доогуур үнээр авч, өндөр үнээр зарж буйг эсэргүүцэж байгаа аж. Өнөөдөр үнээний сүү хамгийн хямд нь нэг литр  250 төгрөг байгааг дуулгалаа юм. Үнээний сүү нь тээвэрлэлт, хадгалалт даадаггүй эмзэг бүтээгдэхүүн учраас орон нутгаас нийслэлийн иргэдийг сүүгээр хангахад бэрхшээлтэй зүйлс их тохиолддог гэдгийг хэллээ. Тиймээс эрчимжсэн фермерийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн ойр фермерийн бүс байгуулах шаарлагатай байгаа бөгөөд холбогдох хүмүүст нь энэ талаар хандахаа тэд дуулгасан. Хэдийгээр өнөөдөр шингэн сүүний үнэ хуурай сүүний үнээс хэд дахин хямд байгаа ч сүүний үйлдвэр болгон аваад хэрэглээд байгаа зүйл  биш гэнэ. Учир нь нийслэл хотод борлуулдаг сүүний 80 хувийг хуурай сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд ердөө 20 хувийг нь л үнээний сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзлэх болсон байна. Мөн тэд сонирхолтой тоо баримтыг дурьдлаа. Эрүүл мэндийг яамнаас Монгол хүн бүр өдөрт 430 грамм сүү  ноогдоно хэмээн заасан ч өнөөдөр нийслэлийн хүн амын нэг хүр бүрт өдөр 100 грамм сүү л оногдож байгаа гэнэ. Тиймээс тэд доорх шаардлагуудыг төр засгийн удирдлагууд, холбогдох байгууллага болон нийт иргэддээ хүргүүллээ. Үүнд, үнээний сүүний үнийг литр тутамыг нь 1050 төгрөг болгох, фермерийн аж ахуй эрхлэгчдийг дэмжихийн тулд нийслэл хотод ойрхон сүүний фермерийн бүсийг гарган тэдэнд үйл ажиллагаа явуулахад нь туслах, импортын сүүг бүрэн хязгаарлах, эрчимжсэн сүүний фермерийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхийг хүссэн юм. Тэд энэ сарын 10-нд 10.00 цагт Сүхбаатарын талбайд дээрх хүсэлт, шаардлагуудаа барин 1000 гаруй фермерүүдийн төлөөлөл оролцсон тайван цуглаан зохион байгуулах гэж буйгаа дуулгалаа.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж