-Дөрвөн тэгш ой давхацсан наадмаар түрүүлэхэд тань хамгийн сүүлд уулзжээ. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Юу хийж байна вэ?
-ШУТИС-ийг уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. Одоо “Glogy X” гэдэг компанид ажиллаж байна. Мөн өнгөрсөн жилээс “Есүнхэй мэргэн” гэж үндэсний сурын холбоог тэргүүлж байгаа. Спортоор тууштай хичээллэхийн тулд амьдралдаа золиос гаргах хэрэгтэй байдаг. Тийм болохоор би залуу хүн гэдэг утгаараа ажлаа, эзэмшсэн мэргэжлээ, амьдралаа сонгосон. Гэхдээ завтай, боломжтой үедээ харваад л явна.
-Ямар учиртай холбоо вэ. Үйл ажиллагааг нь товч танилцуулж болох уу?
-Холбоо маань 2004 онд байгуулагдсан юм билээ. Харин би 2012 оноос тэргүүнээр нь ажиллаж байна. Эрийн гурван наадмын нэг хэсэг болох үндэсний сурын харвааг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг гол зорилгоо болгосон. Гэхдээ Үндэсний сурын холбооноос тусдаа байгууллага гэж ойлгож болохгүй. Бид хамтарч ажиллаж байгаа. Хамгийн гол нь би залуу хүн учраас үеийнхээ залууст үндэсний спортын тухайн зөв ойлголт өгөх, тэдний дунд хөгжүүлэхийг хүссэн юм. Хэдийгээр үндэсний сурын талаар залуус төсөөлөлтэй байдаг ч сайн мэддэггүй. Тэгвэл Монголын түүхийг морь, нум сум хоёргүйгээр төсөөлж болохгүй. Тиймээс энэ түүхийг бид сэргээх ёстой. Морь, нум хоёр бол бидний бахархал шүү дээ. Одоо л энэ түүх соёл, уламжлалаа өвлөж авахгүй бол хэдэн жилийн дараа ямар байдалд хүрэхийг хэн ч мэдэхгүй. Үндэсний спорт бол Монгол орныг бусад улсад таниулах гол хүчин зүйлийн нэг гэж би боддог. Үндэсний спорт бол Монголын онцлог юм.
-Тэгвэл танай холбооны хамгийн ойрын үйл ажиллагаа юу байна вэ?
-Бид энэ сарын 9-нд “Есүнхэй мэргэн 335” нэртэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Монголын шилдэг 128 харваач оролцох юм. Дүрмийн хувьд үндэсний бөхтэй адилхан. Хамгийн өндөр цолтой мэргэн нь ам авч халз харвах юм. Тэгээд хасагдах журмаар өрсөлдөх учраас тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй болох болов уу. Энэ тэмцээн маань 2004 оноос хойш жил бүр болдог байсан. Гэхдээ ихэвчлэн хөдөө, орон нутагт болдог байлаа.
-Наадам хаяанд ирсэн байна. Бэлтгэл сургуулилтдаа гарсан уу?
-Одоогоор гэмтэлтэй байгаа учраас бэлтгэл хийгээгүй. Бэртэл маань бүрэн эдгээгүй байгаа учраас бэлтгэл хийж амжихгүй болов уу гэж бодоод байна. Уг нь бол жил бүр “Хангарьд” спорт хорооны харваачидтай бэлтгэл хийдэг. Хэрвээ бэртэлгүй байсан бол наадмын бэлтгэлдээ аль хэдийнэ гарсан байгаа л даа. Миний хувьд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн тэмцээнд оролцсонгүй.
-Тэгвэл энэ жилийн наадамд оролцохгүй гэсэн үг үү?
-Ямар ч байсан уламжлал ёсоороо наадмын талбайд харвана. Гэхдээ нэг их өндөр амжилт гаргана гэж бодохгүй байгаа. Яах вэ, би залуу хүн учраас дараагийн олон наадам намайг хүлээж байна. Улсын наадамд дахиад хэд хэдэн түрүү авах боломж бий. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Тэгж байж наадамд амжилт гаргана.
-Ингэхэд хэдэн оноос эхэлж харвасан бэ. Харваач болоход хэн нөлөөлөв?
-2003 оноос харвасан. Харин 2004 оноос жил бүр тасралтгүй тэмцээн уралдаанд оролцож өдийг хүрлээ дээ. Миний аав Х.Баасанхүү гэж спортын мастер цолтой харваач байдаг. Аавынхаа нөлөөгөөр л багаасаа энэ спорттой нөхөрлөсөн. Аавыг харвадаг байхад Төв аймгийн Дөрвөлжин сум харваачгүй байсан гэсэн. Тэгээд аав сур харвааны ном харж, уншиж байгаад харваж сурсан юм билээ. Өвөөтэй хамтарч нум, сумаа хийсэн гэнэ лээ. Миний аав 1990 оноос харваж эхэлсэн хүн байдаг.
-Тэгвэл найман жилийн хугацаанд ямар амжилт гаргасан юм бол?
-2011 онд улсын наадамд түрүүллээ. Энэ бол миний мартагдашгүй өдрүүдийн нэг. Их сайхан байлаа шүү дээ. Мөн 2010 оны улсын аваргад түрүүлсэн. Өсвөрын харваанд харин түрүүлж чадаагүй. Түүнээс биш өсвөрийн харваачдын дунд зохион байгуулдаг бүхий л тэмцээнд түрүүлсэн, бас мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Ер нь бол улсын наадмын өсвөрийн харваанд л түрүүлж үзээгүй юм билээ.
-Сүүлийн үед үндэсний сурын үзэгч нэмэгдэж байгаа юм шиг санагддаг. Бас энэ спортыг сонгож хичээллэх залуусын тоо хэр олон байдаг юм бэ?
-Үзэгчид нэмэгдэж байгаа нь үнэн. Жил бүрийг наадмыг харж байхад сурын жижигхэн талбай маань багталцаж ядсан хүнтэй байна. Гэхдээ тэдний олонхи нь харваачдын ар гэрийнхэн, эсвэл гадаадын жуулчид байдаг юм. Жуулчид сур харвааг маш их сонирхож, зарим нь бүр хичээнгүйлэн суралцдаг шүү дээ. Энэ спортыг сонгож хичээллэх залуусын тоо ч ихэссэн. Талбай маань жижигдэж харваач бид чинь багталцаж харвахад хэцүү болсон байна. Одоо талбайгаа томруулмаар санагддаг. Болдогсон бол энэ жилийн наадмаас өмнө сурынхаа талбайн хэмжээг томруулах юмсан.
-Бай шагналын талаар юу хэлэх вэ. Нэг хэсэг бай шагнал бага гээд л шүүмжилдэг байсан шүү дээ?
-Бага байсан. Гэхдээ одоо өссөн шүү дээ. Улсын наадамд түрүүлсэн, эхний тавд багтсан харваачдын бай шагнал сайжирсан гэж би хувьдаа боддог. Аль ч төрлийн спортынхон бэлтгэлдээ маш их хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулдаг. Тийм байтал бай шагнал нь бага байвал хэцүү биз дээ. Одоогийн бай шагналд би л хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Цаашид улам нэмэгдээд л явах байлгүй дээ.
-Харваач болсон зорилгоо хэлж болох уу?
-Мэдээж үндэсний сурын спортод байж болох бүхий л амжилтыг гаргахын төлөө хичээнэ. Би хэдэн ч жил харваж болно. Гол нь Монголын шилдэг харваачдын амжилтыг эвдсэн, өөрөөр хэлбэл улсад хамгийн олон түрүүлсэн харваач болох зорилготой. Их спортоор хичээллэж байгаа тамирчид олимпийн аварга болохыг мөрөөддөг. Миний зорилго үндэсний сурын харвааны оргилд хүрэх. Бас энэ спортын олон нийтэд зөв сурталчилж, хөгжүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ. Танай сониноор дамжуулаад энэ сарын 9-нд болох үндэсний сурын харвааны сонирхолтой, үзүүштэй, өрсөлдөөнтэй тэмцээнийг ирж үзээрэй. Үндэсний спортоороо бахархаарай гэж хэлье дээ.