Тариаланчид буудайн үнэд санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Тариаланчид буудайн үнэд санаа зовж байна

Монгол
Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Хаврын тариалалтын ажил ид дундаа орсон энэ өдрүүдэд Ерөнхий сайд газар
тариалангийн бүс нутагт ажилласанд тариаланчид сэтгэл өндөр байсан ч
Засгийн газар ирэх намар хураан авах улаан буудайг хэдэн төгрөгөөр үнэлж
авах вэ гэдэгт тоймтой хариулт өгөөгүйд гонсгор үлдлээ. Тариаланчид
“Бид улсад борлуулах буудайн үнээ мэдэхгүйгээр тариалалт хийх нь, усны
гүнийг мэдэхгүйгээр ус руу үсэрсэнтэй адил зүйл болж байна” гэж хэлсэн
юм. Тариалалт хийхийн тулд тариаланч бүр асар их ажил хийж, зардал
чирэгдэл гаргадаг. Гэтэл цаг агаараас шалтгаалж ургац алдаж ч болзошгүй,
гэнэт их усархаг бороо орвол тариан талбай мөндөрт цохиулах аюултай бол
хэт их халалт үүсвэл бас л хэцүү. Энэ бүх эрсдлийг тариалан эрхлэгч
компаниуд өөрсдөө л хүлээнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр
засгаас тариалалтад анхаарч ирснээр Монгол Улс улаан буудайн хэрэгцээгээ
дотоодоос хангах боломж бүрдсэн, одоо энэ эрчийг сааруулахгүй байх
ёстой гэж буй юм.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Намар хураан авах ургацын үнийг одоо хэлэх боломж алга. Тухайн үед нь шийднэ” гэлээ.

Мөн
энэ үеэр хүнсний ногоо тариалагчид хураан авсан ногоогоо борлуулж
чадахгүй ченжүүдэд маш бага үнээр худалдахаас аргагүй байдалд ордог
тухайгаа хуучилсан юм. Тиймээс борлуулалтад төрөөс анхаарах. Засаг
захиргааны нэгжээ эргэн харахгүй бол 20 мянган хүн амтай сум, 2000 хүн
амтай сумын нутгийн удирдлагын бүтэц адилхан байгаа нь эргээд иргэдэд
төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүнд суртал дагуулж буйг санууллаа. Цөөн хүн
амтай суманд төрийн үйлчилгээ хурдан хүрч байж болох ч хүн амтай ихтэйд
нь эмнэлгийн ор ч хүрэлцдэггүй. Тиймээс төрөөс энэ талын зохицуулалтыг
одооноос бодож хүн амтайгаа уясан төрийн үйлчилгээг бий болгох шаардлага
тулгарч байгааг иргэд онцоллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг газар
тариалангийн талбайд ажилласныхаа дараа долоо хоног бүрийн пүрэв гаригт
сэтгүүлчидтэй хийдэг 30 минутын уулзалтаа хийсэн юм. Энэхүү уулзалтад
Улаанбаатар хотоос ажиллаж байгаа сэтгүүлчид, мөн орон нутгийн
сэтгүүлчид олноороо оролцож, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Асуулт
хариулт газар тариалангийн бүс нутгийг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого
барьж ажиллах, хүнсний ногооны борлуулалтыг хэрхэн дэмжих зэрэг асуудлын
хүрээнд өрнөлөө гэж манай сурвалжлагч Сэлэнгэ аймгаас мэдээллээ.

Орой Ерөнхий сайд Дархан-Уул аймаг руу мордоно.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж