Төмөр замын бодлогод ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлогод ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч хэлэлцүүлгийн явц удааширч, бодлогын ямар нэг ахиц дэвшил харагдахгүй байна гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Энэ нь Засгийн газар, Зам тээвэр барилга хот байгуулалтын яамнаас боловсруулсан төсөл бодлого тодорхойлогчид болоод эдийн засагчид, мэргэжилтнүүдийн сэтгэлд төдийлөн таарч өгөхгүй байгаатай холбоотой. ЗТБХБЯ-наас боловсруулсан төсөлд шинээр тавих төмөр замын сүлжээг гурван үе шаттайгаар байгуулах, ингэхдээ эхний ээлжиндТавантолгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн 400 км, Сайншанд-Баруун-Уртын 150 км, Баруун-Урт-Хөөтийн 290 км, Хөөт-Чойбалсангийн 150 км замыг тавихаар, харин хоёрдугаар ээлжинд Нарийн Сухайт-Шивээхүрэнгийн 45,5 км, Ухаахудаг-Гашуунсухайтын 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөгийн 360 зм, Хөөт-Бичигтийн 200 км замыг, гуравдугаар ээлжинд баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах орд газрууд болон байгалийг тогтоцыг нь бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан төмөр замын сүлжээг төлөвлөхөөр тусгаад байгаа. Гэвч энэ санал “Нэгэнт гол худалдан авагчид урд талд байгаа тохиолдолд урагшаа чиглэсэн төмөр замын ажлыг хойш тавьсан нь зах зээлээ боомилсон, хэт нэг талыг баримталсан бодлого” гэсэн шүүмжлэлийг дагуулдаг.
Төмөр замын бодлого дээр маргаан дэгдээгээд байгаа хоёр дахь асуудал нь цариг. Яамнаас боловсруулсан төсөлд Монголын нутаг дээр барих бүх төмөр замыг 1520 мм буюу өргөн царигаар тавихаар төлөвлөсөн бөгөөд үүний эсрэг “Урагшаа чиглэлд тавьж байгаа төмөр замыг 1430 буюу нарийн, хойшоо чиглэлд тавих төмөр замыг өргөн царигаар тавих естой” гэсэн альтернатив хувилбарыг гаргаж тавих хүн олон бий. Тиймээс Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хууль тогтоогчид эхний хэлэлцүүлэгт оруулж чадалгүй сар гаруй маргаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАХН-ын бүлэг урьдчилсан байдлаар саналаа нэгтгэж, “Өргөн нарийн хоёр царигийг хоёуланг нь хэрэглэх нь зөв юм. Хойшоо чиглэсэн төмөр замаа Оросын өргөн царигаар, урагшаа төмөр замаа нарийн царигаар тавья” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин Ардчилсан намын бүлгийн хувьд албан ёсоор аль нэг чиглэл болоод царигийг дэмжсэн байр суурийг одоо болтол илэрхийлээгүй. Тиймээс уг асуудлаар гишүүдийн хувийн байр суурийг үргэлжлүүлэн нийтэлж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан:

-Тавантолгой, Оюутолгойн ордуудыг хэрхэн зөв ашиглах дээр Монголын төрийн том бодлого байх ёстой. Одоогийн оруулж ирээд байгаа төмөр замын бодлогын баримт бичгээр бол Тавантолгойгоос Зүүнбаян, тэндээсээ Сайншанд-Баруун-Урт, Хөөт-Чойбалсан рүү төмөр зам тавьж, цаашаа Оросын төмөр замтай холбоод Хятадын хилийг тойрч Ванино гэдэг боомт хүргэнэ гэсэн зүйл байгаа.Гэхдээ үүн дээр олон зүйл дутуу орж ирсэн. Нэгд, транзит төмөр замын асуудал орж ирээгүй. Өнгөрсөн таван жил шахам ярьж байгаад АНУ-аас төмөр зам дээр 188 сая ам.доллар авахаар болоод байсан. Энэ мөнгөөр өртөө, зөрлөгүүдийг цэгцлэх, төмөр замын муруйлтыг эгцлэх, шинэ зүтгүүр авах, цаашдаа цахилгаан эрчим хүчтэй болгож нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, транзит ачааг нэмэгдүүлэх зорилготой байсан. Харамсалтай нь Оросын талын хувь нийлүүлэгчдээс шалтгаалаад энэ мөнгийг буцаасан. Транзит тээврээс бид уг нь уул уурхайн нэг ордыг ашигласнаас илүү хэмжээний орлого олох бололцоотой гэж ярьдаг. Гэвч баримт бичигт энэ талаар орж ирсэнгүй. Эдийн засгийн байнгын хорооноос дэд бүтцийн чиглэлээр ажлын хэсэг гаргаад говийн дэд бүтцийн асуудлаар тогтоол гаргасан. Энэ тогтоолд Төмөр замын тээврийн хуулийн дагуу, өмнө нь Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу төмөр замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлье. Шинэ чиглэл болгож Сайншанд руу төмөр зам татъя гэсэн чиглэлүүдийг баталсан. Царигийн хувьд одоогийн байгаа төмөр замтайгаа холбох хэсгийг өргөн царигаар барих нь зүйтэй. Шинэ төмөр замыг ямар ачаа тээвэрлэж хаана хүргэх, бүтээгдэхүүнээ аль зах зээлд хүргэж борлуулах вэ гэдгээ харж байж царигийг шийдэх нь зүйтэй. Хятад руу шууд гаргах нүүрсний хувьд тээвэрлэх төмөр замыг өргөн царигаар барина гэвэл ашиг олох биш, ачаа сэлгэхдээ гол орлогоо алдана. Олон улсын ачаа тээврийн конвенциор бол хүлээж авч байгаа тал нь шилжүүлэн ачих байгууламжаа байгуулдаг. Энэ мэт ярих маш их зүйл бий. Би өөрөө ажлын хэсэгт орсон. Тавантолгойгоос Даланзадгад руу төмөр зам тавих ёстой гэсэн зарчмын байр сууртай байгаа. Өмнөговьчууд үүний үр шимээс хүртэх ёстой.  Боловсруулах үйлдвэр нутагтаа барьж ажлын байртай болох ёстой. Бүтээгдэхүүний заримыг Сайншанд руу тээвэрлэж боловсруулах ёстой. Би ийм л санал тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн:

-Одоо манай нутаг дэвсгэр дээгүүр явж байгаа төмөр замын цариг бол өргөн. Хойд хөрш ОХУ өргөн царигтай замтай. Урд хөрш БНХАУ нарийн царигтай замтай. Манай бүтээгдэхүүн аль аль хөршөөрөө дамжиж гадагш гарна. Монгол Улсын далайд гарах гарц бол хоёр хөрш.Түүнийг бодолцож төмөр замын царигийг өргөн, нарийн хосолсноор төлөвлөх ёстой. Хамгийн түрүүнд эдийн засгийн утгаар нь асуудлыг авч үзэх хэрэгтэй. Улс орны эдийн засгийг цааш авч явах хоёр гол орд бол Оюутолгой, Тавантолгой болж байна. Тэндээс гарах бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах арга замтай төмөр замын бодлогоо уялдуулах ёстой. Юуны  өмнө эхлээд Оюутолгойн ордыг түшиглүүлсэн уул уурхай-металлургийн цогцолбор, Тавантолгойг түшиглүүлсэн уул уурхай-эрчим хүчний цогцолборыг барьж байгуулах ёстой. Эдгээрийг барьж байгуулахын тулд техник, тоног төхөөрөмж, том оврын тоноглолуудыг гаднаас оруулж ирнэ. Энэ бүхнийг бодолцож төмөр замын бодлогоо гаргах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр:

-Засгийн газраас төмөр замыг үе шаттай барихаар оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа. Нэгдүгээр шат нь зүүн талд Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан гэсэн чиглэлтэй. Хоёрдугаар шат нь Тавантолгой тийш салаалуулах гэсэн чиглэл байгаа. Төмөр зам бол өөрөө сүлжээ. Гол магистраль замаа одоогийн өргөн царигтай сүлжээндээ бариад, шинээр барих салаагаа нарийн царигаар байгуулж болох юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж