Музейн менежмент, ажилтнуудын чадварыг сайжруулах “Музейн менежмент” сэдэвт сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс зургадугаар сарын 3-наас эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 17.00 цагт Үндэсний музейд хаалтаа хийх гэж байна. Музейн үндэсний сургагч багш бэлтгэх зорилгоор сургалтад хотод байршилтай төрийн өмчит музейнүүдээс 20 орчим мэргэжилтнийг хамруулжээ. Харин маргааш аймаг орон нутгийн 30 орчим мэргэжилтнүүдэд менежментийн чиглэлээр нэг өдрийн түргэвчилсэн сургалт хийхээр болжээ. Сургалтыг ОХУ-ын иргэн Санкт-Петербург хотын Их Петр хааны нэрэмжит Антрологи, Этнографийн музейн (КУНСТКАМЕРА) орлогч дарга Юлия Аркадьевна Купина удирдан явуулах юм байна. Энэ нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран ЮНЕСКО-Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 2012-2014 оны хооронд хэрэгжүүлэх "Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх төсөл"-ийн хүрээнд хийгдэж буй анхны сургалт ажээ.
Сургалтын гол зорилго нь Үндэсний музейн сургалт арга зүйн төвд ашиглах, олон улсын мэргэжилтнүүдийн заавраар үндэсний мэргэжилтнүүд бэлдсэн Монголын нөхцөлд тохирсон сургалтын хөтөлбөртэй болоход оршиж байгаа тухай албаныхан онцолж байна.
У.БОЛОР