“Шангри-Ла яриа хэлэлцээ”-д Л.Болд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“Шангри-Ла яриа хэлэлцээ”-д Л.Болд мэдээлэл хийлээ

Сингапур улсад 2010 оны зургадугаар сарын 4-6-нд зохион байгуулагдсан Лондон дахь Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн Сингапур улсын Засгийн газартай хамтран жил тутам зохион байгуулдаг, бүс нутгийн аюулгүй байдлын бодлого, батлан хамгаалах үйл ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцдэг “Шангри-Ла-гийн яриа хэлэлцээ” олон улсын ес дэх удаагийн бага хуралд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөлийн тэргүүн Б.Батбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн удирдлага багтжээ.

Энэ бага хуралд 27 орны батлан хамгаалах салбарын дээд албан тушаалтнууд, аюулгүй байдлын судлаач эрдэмтэд нийт 320 гаруй төлөөлөгч, түүний дотор БНСУ-ын Ерөнхийлөгч Лий Мюнг Бак, Сингапур улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Тео Чий Хийн, ОХУ-ны Ерөнхий сайдын орлогч С.Иванов болон Австрали, АНУ, БНСВУ, Индонез, Их Британи, Малайз, БНСУ, Чили, Шинэ Зеланд, Япон зэрэг улсуудын Батлан хамгаалахын сайд нар хүрэлцэн иржээ.

Бага хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болд АНУ, Сингапур, БНСУ, Их Британи, БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд нар, БНХАУ-ын ЗХЖШ-ын орлогч даргатай, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав Сингапур, Малайз улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга нартай тус тус хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын батлан хамгаалах хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Дээрхи арга хэмжээнд оролцох явцдаа Батлан хамгаалахын сайд Л.Болд мэдээлэл хийж, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх арга зам, Монгол Улсын гадаад бодлого, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалахад манай оруулж буй хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлэв.

Зургийн тайлбар: Батлан хамгаалахын сайд Л.Болд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Р.Гэйтстэй уулзаж байгаа нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж