Үйлдэл бүрээ хуульчилъя

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Үйлдэл бүрээ хуульчилъя

Хэлэх
үг, хийх үйлдлээ эхлээд хуульчилбал амар    юм биш үү. Дараа нь
гонши­гонож байснаас тэр нь дээр гэдгийг сүүлийн үед бодоод байх
болчихлоо. Хүний эх­нэртэй явалдаж байгаад хууль зөрчвөл тооцохгүй,
гэрлэлтээ батлуулаагүй бол нийлж байгаад тендер будилаантуулж болно,
наадамд хоёр үзүүрлэхэд л аварга цол өгнө гээд хуульчилчихсан бол өдийд
Г.Дэнзэн гэдэг залуу бусдад баалуулахгүй, даян аварга Г.Өсөхбаяр,
А.Сүхбат нар дархан аварга болно гэж маргахгүй. Жижгийг томоор, жаахныг
ихээр сэтгэж амьдрахгүй бол энэ нийгэмд учир зүйгээ оло­ход бэрх болж
байна шүү, таминь. Ер нь үйлдэл бүрээ хуульчилж авъя. Аль ч нойлын өрөөг
заавал “обу­хив”-тай байлгана, айл өрх бүр долоо хоногийн долоон өдөрт
долоон ян­зын хоол хийнэ,  намд элсэхийн тулд бөхийн аль нэг төрлөөр 
заавал амжилт гаргасан байна, төрийн албан хаагч заавал цэцэрлэгт
хүмүүжсэн байх ёстой, өнчин ишиг тэжээсэн ч малчны дамжаа дүүргэж
мэргэжлийн үнэмлэх авсан байх хэрэгтэй, сэтгүүлч хүн заавал худалдагдах
ёстой, амьдралдаа хэн нэгнээс 100 төгрөг ч зээлж үзээгүй хүнд банкны
зээлийг олгодог байх ёстой гэж хуульчлахад болохгүй юм алга. Гэхдээ
Монголын 2,9 сая хүн бүгд нэг нэг хууль санаачилж батлуулбал зүгээр.
Цөөдөөд байвал дэлхийгээр нэг тар­хан суугаа зургаан сая гаруй
монголчууддаа хандсан ч болно. Тэгвэл бүр янзтай. Ёстой янз янзын
хуультай болно. Дэлхийн аль ч оронд хэрэглэж болохоор даяарш­сан хуулиуд
илүүдэхгүй л дээ. Харин 76 гишүүн маань тэр олон хуулийг батлах гэж л
зүдрэх байх даа. Дөр­вөн жилийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусах гэж
сандаргана. Тэгэхээр хам­гийн түрүүнд УИХ-ын 76 гишүүнийг дөрвөн жилээр
бус дөчин жилээр томилж, парламентаа сонгодог болох хуулийн төслийг л
түрүүлж боловсруулж, батлуулах хэрэгтэй. Ингэж байж л энэ 76-г хэрэгтэй,
хэрэггүй хуулийн төсөл боловсруулах завгүй болгож авна. Тэгэхгүй бол
мөд жирийн иргэн хүн биш гээд хуулийн төсөл өргөн барьчихаж магадгүй.
 

Б.ОЮУНГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж