Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Дэлхийн байгаль орчны өдрийг анх удаа Монгол Улсад зохион байгуулж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад харилцааны яаманд хэвлэлийн бага хурал боллоо.

Байгаль орчноор амьсгалсан “Бодъё–Хэрэглэе–Хэмнэе” уриан доор тэмдэглэж буй эдгээр өдрүүдэдхүүхэд залуучуудад зориулсан цогц арга хэмжээ, Ногоон хөгжлийн асуудлаарх үндэсний чуулга уулзалт, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн асуудлаарх хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд манай улсын түүх, уламжлалт соёл, зан заншлыг талаарх мэдээллийг дамжуулах боломж болсон юм.

Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал А.Штайнер, Япон улсын байгаль орчны дэд сайд зэрэг өндөр албан тушаалтан хүрэлцэн ирж, манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлуудыг тохиролцлоо.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс санаачилсан PAGE (Partnership for Action on Green Development) буюу “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” шинэ хөтөлбөрийн түншлэгч анхны 7 улсын нэгээр Монгол Улсыг сонгосныг албан ёсоор зарласан нь НҮБ-аас ирэх 7 жилийн турш ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх юм.

Энэ нь ногоон эдийн засагт чиглэсэн ажлын байр бий болгох, байгаль орчин, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг монгол хөрсөнд нутагшуулах, ногоон хөгжлийн чиглэлээр ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг олон чиглэлээр НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, төсөл, хөтөлбөрүүд, гадаадын хөгжингүй улсуудаас дэмжлэг тусламж авах боломж бололцоо нээгдэж байгаа хэмээн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж