
Уг хуулийн төсөл нь 10 бүлэг, 46 зүйлтэй бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн заалттай адил байх ажээ. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч, шүүлт хийн зөвшөөрөл олгох боломжтой тохиолдолд хайгуул хийх талбайн аймгийн Засаг даргад хүргүүлэх юм байна. Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон эсэхээ Ашигт малтмалын газарт мэдэгдэж, кадастрын бүртгэл хийлгэх ажээ. Ингэснээр тусгай зөвшөөрлүүдийн бүртгэл давхцах асуудал үүсэхгүй тухай албаныхан хэлж байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд, Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхтэйгээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгдөг зарчмаар олгох юм байна. Үндсэндээ уг хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай тусгай зөвшөөрөл олгох газрыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж байх тухай заажээ.