
Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын менежер Д.Эрдэнэбат, "Электрон систем" ХХК-ийн захирал М.Батболд нарыг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлжээ. Тодруулбал, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын менежер Д.Эрдэнэбат нь "Электрон систем" ХХК-ийн захиралтай бүлэглэн өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сараас аравдугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр иргэний нисэхийн зорчигч бүртгэлийн сүлжээний опператорын сонгон шалгаруулалах төсөлд зарцуулагдах төсвийн хөрөнгөөс завшсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
Тэднийг 783 гаруй сая төгрөгийг бусадтай бүлэглэн завшиж, эл мөнгийг Хонконгийн нэр бүхий компаниудын дансаар шилжүүлэн авч мөнгө угаасан болзошгүй гэж шалгаж байгаа аж. Түүнчлэн дээрх мөнгийг Хонконгийн “Treasude cosmo limited”, “Media summit limited” гэх компаниудын дансаар шилжүүлэн авсан байжээ. Тэдэнд эрүүгийн хуулийн
тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан, 166.3-т зааснаар
мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байна.