Шинэ төрөх эмнэлгийн барилгын хашаа руу орлоо. Ганц том каран босгосон таван давхар барилгын хашаан дотор сахиул нь болов уу гэмээр ганц нөхөр байлаа. 30 гаруй насны хүүхэн унтаж харагдлаа. Тэндээс гараад манааны шовгорт очтол Ганбат гэх залуу нэлээд халамцуу өөдөөс 2000 төгрөг гэж нэхэв. Ойр хавьд энэ хоёроос өөр монгол хүн байсангүй. Манайд ажил хийж чаддаггүй зарим залуусын дүр зургийн энэ хоёроор жишээ болгож болохоор санагдсан. Энэ хоёр залууг нэг нь унтаж, нөгөөх нь согтуурч байхад, төрөх эмнэлгийн барилгын суурь, болкийг хятад барилгачид босгож, засал чимэглэлийн ажлыг БНАСАУ-ын 20 гаруй барилгачид гүйцэтгэж байсан нь яах аргагүй нэгийг бодогдуулсан.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн төрөлт ихэсч нийслэлд байгаа гуравхан төрөх эмнэлэг нь ачааллаа даахгүйд хүрч иргэдийн шүүмжлэлийг дагуулсан хэвээрээ байгаа. Тиймээс Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт хоёр жилийн өмнө суурийг нь тавьсан IV төрөх эмнэлгийн барилгыг “Нийслэл өргөө”, “Пума” компанийн барилгачид ирэх есдүгээр сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Энэ эмнэлгийн барилгын зураг төсвийг Эрүүл мэндийн яамны захиалгаар хийж гүйцэтгэжээ. Тус эмнэлэг нь долоон болк хэсгээс бүрдэх бөгөөд улсын хэмжээний хамгийн томд тооцогдох төрөх эмнэлэг юм байна.
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын эмэгтэй гишүүд ажлын хэсэг байгуулж тус эмнэлгийн барилгад анхаарлаа хандуулж эхэлсэн гэнэ. Нэлээдгүй хэл ам дагуулж ирсэн техникийн нөхцөл, гаднах шугам сүлжээний асуудлыг тус ажлын хэсгийнхэн шийдвэрлүүлж, удахгүй ажил эхлэх гэнэ. Эмэгтэй түшээд өөрсдөө эх хүн болохоор төрөлт ихэсч төрөх эмнэлэг дутагдалтай байгааг ухаарсан ч биз. Харин тэдний зүтгэлээр тус эмнэлгийн барилгын ажил хурдацтай явж байгаа гэдгийг тэнд байсан хүмүүс хэлсэн. Биднийг тус барилга дээр очиход нэг солонгос барилгачин “Манай дарга, манай дарга” гэсээр нэг хүнтэй уулзуулсан нь барилгын талбайн инженер Б.Энхтүвшин байлаа. Тэрбээр “Та хаагуур орж ирэв харуул алга уу. Би сарын ажлын гүйцэтгэл гаргах гээд ажил ихтэй байлаа. Манай барилгын ажил 70 хувьтай явж байна. Одоогоор санхүүжилт, барилгын материал гээд хойш суусан зүйл алга. Гэхдээ төлөвлөсөн санхүүжилт дутуу байгаа. Хэрвээ тэр орж ирэхгүй бол ажил хойшлох л болно. Тэр асуудлыг дээгүүр ярьж шийдвэрлэх байх. Энэ барилгад анхаарал хандуулж, хүлээж байгаа хүн их байдаг юм. Таних танихгүй хүмүүс төрөхийн барилга юу болж байна гэж асуудаг юм. Хүүхдийн төрөх эмнэлэг ямар их хэрэгцээтэй байгааг бид мэдрээд байгаа. Хэрвээ зочид буудлын барилга байсан бол тэгэхгүй байсан даа. Энэ орчин чимээ бага, агаар цэвэр сайхан шүү дээ” хэмээсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй эн зэрэгцэх энэ эмнэлэг ашиглалтад орсноор 140 асрагч, сувилагч, гүйцэтгэх ажилтан, 50 гаруй эмч ажиллах гэнэ.
Хотын төвөөс 30 орчим километрт барьж буй IV төрөхийн барилгыг нийслэлчүүд хүлээлээсээр л байна. Ирэх намар Айдсийн даваа хүртэл тавих хурдны замтай зэрэгцэж нийслэлийн хаяанд төрөх эмнэлэг нэгээр нэмэгдэж эх үрсд ээлтэй орчин бүрдэнэ гэж л найдая.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин